Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ШАМБАЛЫН ДАЙН
2011 оны 12 сарын 12 [Уншсан тоо: 54551]
1932 онд Хөвсгөл Архангайн залгаа нутагт монгол цус асгарснаас хойш 80 жил улирчээ. Сайн муу аль нэгээр дурсагдах учиртай ой доо. 

...Манжийн өртөөчин сүрэгчин харуул манаа гэх зэрэг албанд зарцлагдахаар хүчинд автаж, дайчлагдсан энгийн номхон халхуудыг Амарсанаа “манжийн албат нар” хэмээн уулгалан довтолж, алж талж, агт морь, эд барааг тонон дээрэмдэж, энэ самуундаа хотгойд Чингүнжавыг уруу татсаныг Манжийн эсрэг тэрсэлдсэн эх орончийн тэмцэл гэж мандуулах хэнд ашигтай байв? Ойрадыг магтаж, Халхыг гутаах улс төр,үүзэл суртал дэврээхээс аргагүйд улаан Орос хүрсэн юм. Монголыг Хятадаас сэмхэн салгаж авах гэсэн улаан Оросын хоёр нүүртэй колончлох бодлогыг таньсан Халхын олон эх оронч Бодоо Данзан Гэндэн Дэмид Амар нар ил далд эсэргүүцэж байж дэс дараалан цаазлуулав. Чонын амнаас гараад барын аманд орж буйгаа тэд мэджээ. Мэхлэгдэх янзгүй халхуудад улаан Орос өширхөөд, хэзээний Манжид өстэй Халхад гомдолтой Ойрадыг онгироож байгаад, Манж Халхыг гутаавал колончлох бодлого аяндаа бүтэх зам бэлэн буйг олж харжээ. Тэдэнд тоглоомын этгээд ч түвэггүй олдов. Оросын үзэл суртлаар бол Монголыг устгаж байсан дайсан байх ёстой. Тэр дайсан нь Манж. Сөнөж буй Монголыг аврагч гүрэн гарч ирэх ёстой. Тэр нь улаан Орос. Аймшигтайгаар дарлагдсан түүх байх ёстой. Түүнийг нь Оросын болъщевик түүхчид зохиов. Тэр түүхэнд Манжийн дарлалын эсрэг баатарлагаар тулалдсан эх орончдыг заавал суулгаж өгөх хэрэгтэй. Галдан бошигт, Амарсанаа г.м. ойрадууд. Урвагчид мөн заавал байх ёстой. Урвагч Чихундорж, Занабазараас эхлээд эфү Цэрэн, Цэнгүнжав, Бадамдорж гээд олон халх бий. 

Чингүнжав Манжийн эсрэг тэмцсэн бол 1932 оны Тариатын бослогын жанжин гэгдэгч ногоо малгай Дамдинсүрэн Түгж Жамц нар улаан Оросын яргаллын эсрэг тэмцсэн хүмүүс. Энэ түүхийг өдөр шөнө шиг дүгнэдэг. Чингүнжав “Манжийн эсрэг” гэсэн далбаан дор Манжийн сүрэгчингээс малыг нь булааж, Манжийн өртөөчин улаачин, жинчин ер л Манжийн албанд ядуу зүдүүдээ дайчлагдсан зэр зэвсэггүй номхон дорой ардыг зодож нүдэж, эд барааг талж, Манжийн өшөөг тэднээс авч явсан бол ногоон малгай Дамдинсүрэн Түгж Жамц нар хэрхэн түйвээсэн бэ? Ер нь тэр үед юу болсон юм бэ? Үлдсэн баримт гэвэл тэднийг даран сөнөөсөн талын өөрсдийгөө хэт магтсан, босогчдыг хэт муулсан түүх. ХХI зуунд энэ түүх дампуурав. Үнэмшихийн аргагүй мангуу сурталд сохроор итгэж, тэнэгтэж явсан хүмүүс цагийн урсгалд үнэнд угаагдаад гэгээрчээ. Лам багшаа хядуулж, сүм хийд, судар ном, бурхан тахилаа галдуулж, 1929 онд бүх мал хөрөнгөө хураалгаж, сүм хийд лам багшийнхаа дааж давшгүй татварт хувхайрч, мөн онд Оросоос бусад Хятад зэрэг орны бүх худалдааг хааснаар Монгол орон үгүйрсэн. Өмнөд нутгийнхан урагшаа хил давж нүүсэн. Зүүнтний хэт хувьсгалч нугалаанд нэрвэгдсэн ард түмнээ аврахаар Тариат Аршаант хавь нутгийнхан боссон. Боссон шалтгаан нь маш ноцтой.

Лам нарыг бол тэртэй тэргүй устгана гэдгээ орос сургагч нар өөрсдөд нь албан ёсоор шууд зарлаж даналзав. 1932 оны ХII сард коминтерн, БХКбН-ын төлөөлөгч Ш.Элиава монголчуудад мэдэгдэхдээ, “Танай нам одоо 12 мянган гишүүнтэй. Нэг гишүүнд 10 эсэргүү лам ноогдож байна” гэж турхирсан бол Дотоодыг хамгаалах газрын сургагч М.П.Чибисов, Сталин лам нарыг хувьсгалын эсэргүүн үү, үгүй юү? хэмээх явдалгүй гэсэн. Тэд цөм эсэргүү мөн. Тэднийг олны өмнө илээр шийтгэх хэрэгтэй. Дээд лам нар чинь тайван байна. Цохилт өгөх хэрэгтэй. Жасын татварыг сүм хийдэд ноогдуулж, албан татвараар эдийн байдлыг муутгаж байгаад устга гэж заасан хэмээн шахжээ. Зайлшгүй устгагдах болсон хүмүүс “Мал сүрэг бол яахав, үндэс угсаа, шашин бурхнаа Оросуудад ингэж баллуулахгүй” гэсэн ганцхан үзэл санаан дор нэгдсэн аж. Тэд одоогоор бол сайд, УИХ-ын гишүүн болох гэж шүлэнгэтсэн өчүүхэн амьтад биш байв. Дайрлага дайрах нь гарцаагүй нүүрлэв. Босогчид бүх ард түмнийг хөдөлгөх зорилгоор шамбалын дайнд уриалав. Энэ нь зөв тактик байсан. Нэгэнт тэмцэхээр шийдсэн нөхцөлд! Шамбалын дайн гэдэг бурхны дайн. Бурхан шашныг үндсээр нь хүйс тэмтрэгч улаан Оростой бурхны дайн хийгээд үхэх сэхэхээ үзэх, юу нь хачирхалтай гэж?!

Гарцаагүй алуулах болсон хүмүүс яаж үхэх вэ гэдгээ тунгаагаад шамбалын дайнаас өөр нэр төртэй үхлийг олсонгүй. Орос ландрам Японыг түшиж магадгүй гэсэн хоосон хардлагаар аль л зовхи нь өөдөө хэдэн түмэн монголыг сорчилж хядах хатуу даалгавартай нь танигдсан. Хядлага дэлхийн энэ бөглүү мухарт бүр дэндсэн. Нэгэнт ад үзэгдэж, амьд явах эрхээ хасуулсан хүмүүс номхон хүлцэнгүй сөхөрч суугаад арчаагүй алуулснаас бурхны цэрэг болж, шамбалын дайнд мордоход арга буюу хүрчээ. Шамбалын дайнд үрэгдсэн хүн бурхны оронд одоогийн хэллэгээр ногоон гэрлээр шууд очдог гэнэ. Ийм яриа мухар шүтлэгтэн олныг бослогод түлхэв. Нэгэнт алуулахаа ойлгосон эх орончид эдүгээ моод болсон яриагаар бол тэмцлийн хурц хэлбэрт шилжсэн хэрэг. Бусад нутгийн ардууд арчаагүй айж, урваж, нөхдөө матаж байсан бол Архангай Хөвсгөлийн зааг нутгийн эх оронч сэтгэлтэй, ард олныхоо төлөө амиа өгөх зоригтой, төв халхууд тэрсэлджээ. Тийм удам судрынхаа сүнсийг харааж гутаасаар байх нь зөв үү? Үүнийг би хөндөж байна. Орон нутагтаа тэмцлийн хурц хэлбэрт шилжсэн ардуудыг онгоцоор бөмбөгдөж, танкаар няц дайрч, уул тал, сүм хийдийг цусаар бялдаад, Сталины заавраар толгойлогчдыг нь Пөмбөгөр ногоон театрт нийтийн өмнө алах ялаар зааж устгаад, эх оронч үзлийг нь баллаж нуухын тулд гүтгэж гутаасаар өдгөөтэй золгов. Тэдэнд шинэ зэвсэг туршихыг оросууд тулгасан боловч ДХГ-ын орлогч дарга зоригт эх оронч Ц.Гиваапил дур мэдэн тэр аюулт зэвсгийг хэрэглээгүй гэх яриа түүхчдийн дунд байдаг бөгөөд Ц.Гиваапил Оросын харгис бодлого, сургагчдын сургаж зөвлөх бус командлах, захиран тушаах дээрэнгүй бардам авирыг мохолгүй шүүмжилсээр амиа өгчээ.

Бараг эрчүүдгүй нутаг хоцров. Босогч-баатруудыг гутаахын тулд араатан болгож гүжирдсэн, ой гутам булай түүх, цуу яриа орос үзэл сурталчид зохиож, Монголын үр сад нарт итгүүлэх суртлыг МАХН-ын бялдуучид гардан түүхэнд гүйцэтгэсэн юм. МАХН-ын энэ үзэл сурталд итгээд тархи нь цемент болсон хүмүүсийг цочоох гэж би өнөөдөр эх оронч шадар ван Чингүнжавтай ногоо малгай Дамдинсүрэн Түгж Жамц нарыг зүйрлэв. Эх орончийг эсэргүүнтэй адилтгалаа гээд зүрх нь сагсайж, цөс нь хөөрөх хүн бий гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ үймээний үнэнийг үр хүүхдэдээ мэдүүлэх сэн. Үнсэн товрог болж буй үндэс угсаагаа аврах гэж зориглосон ардуудын дотор лам хар сэхээтэн малчин орон нутгийн нам захиргааны ажилтан, тэр ч байтугай, Улсын бага хурлын гишүүн ч нэгдсэн байлаа. Хүний өвчүү хадахын тулд, хүний мах идэхийн тулд, хүний зүрхээр туг тахихын тулд тэд боссон гэж зохиосон гүтгэлгийг “үнэн” гэж гаднаа өчөөд, дотроо “худлаа” гэж залбирч явснаа одоо бүгдээрээ илчилье. Ардчилал бидэнд ийм боломж олгосонд мөргөе. Босогчид зэрлэгүүд бус эх орончид байжээ гэж үнэнээ ярих цаг иржээ. Жамц гэхэд л цэргийн комиссар, МАХН-ын YIII их хуралд төлөөлөгчөөр ирж, хөрөнгө хураах, хамтрал, артель, коммун байгуулахыг эсэргүүцэж, хэд хэдэн удаа үг хэлсэн боловч түүнийг огт хайхраагүй аж. Тэр зүүний нугалааг зад шүүмжлээд нутаг буцсан нэгэн байв.

Чингүнжавыг Бээжинд цаазалсан. Түүний ойг манай улс нижгэр тэмдэглэсэн. Эх орончоороо орон даяар бахархах цээжинд омогшил төрүүлж, нүдэнд нулимс хуруулж байдаг шүү. Тэгвэл яагаад Догсом Гэндэн Амар Лувсандоной гэх мэт олон арван эх орончдыг Москвад буудсан хэрнээ Чингүнжавын зиндаанд ойг нь ядаж бөөнд нь ёслон тэмдэглэдэггүй юм бэ? Москвад цаазлуулсан хэлмэгдэгсдийн нэр алдрыг шарилтай нь хамт шороонд булж мартах ёстой, харин Бээжинд гэсгээсэн эх орончдын нэр алдрыг мөнхжүүлэх ёстой. Ийм жишиг бидний оюунд оршсоор буй нь Оросын геополитикт голдоо сүвгүй болтлоо хууртсан цул улаан махан годил болсны илрэл мөн.  

Бүдүүлэг цаг, бөглүү нутгийн босогчдын тэмцэлд гажуудал гарч байсныг үгүйсгэхгүй. Одоо ч гэсэн барууны орнуудад болж буй жагсаал цуглаан бишгүй л алдаа гаргаж буйг бид харж байна. 1932 оны Монголын бөглүү нутгийн бүдүүлэг ардууд гэж төсөөлөөд нэг үз. Босогчид улаан Оросоос хариугаа авч байгаа нь энэ гээд зүүний нугалааг хэрэгжүүлэгч, сурталдагч, улаан Оросын зарц болсон орон нутгийн хувьсгалч ахан дүүсээ хэрцгийгээр хөнөөж, сургууль дэлгүүр хоршоог Оросод шатаалгасан сүм хийдийнхээ хариуг авч байна гээд галдан шатаажээ. Учраа олохгүй бүдүүлэгтэж, харгислал үйлдсэн тэднийг юу хөтлөв? Юу өгдөөв? Улаан Оросын тэсвэрлэшгүй харгислал өгдөөж, улс үндэс, шашнаа аврах гэсэн эх оронч шийдэл бослогод хөтөлсөн байна. Тэдний гарт гэмгүй багш эмч нар ч өртсөн. Чингүнжавын бослого ч мөн тийм алдаа дагуулсан. Тэдний тэмцлийг ХХI зуунд доромжлон заадаг түүхчийг зөвлөлтөөрөө байгаа түүхч гээд л ойлгочих. Төр Засгаа хянах ардчилсан нийгмийг хүсэгч хэн боловч 32 оны бослогыг өнөөгийн иргэний хөдөлгөөний эцэг хэмээн дээдлэх ёстой. 

32 оны бослогын буруутан нь улаан Орос, улаан Оросын хүчинд автаж, тэдний яргаллыг зөвтгөх суртал ард олны тархинд арилахгүйгээр ширээсэн МАХН хоёр. Хайх нүгэлтэн өөр байхгүй. Зам зуур алдаа гаргасныг эс тооцвол босогчдын зорилго буруугүй. Тэд оршин тогтнохын төлөө, геноцитийн эсрэг амиа үрсэн зоригт баатрууд билээ. Харин бид өдгөөг хүртэл өөрсдийнхөө төлөө алтан амиа зольсон хөөрхийсийн ясыг яагаад гуаглан тоншино вэ? Хүүхдүүд минь, энэ маш муухай авир шүү. Үүнийг ухаар. Өвөө нь гуйж байна. Бузарлагдсан түүхээ шинжлэх ухаанчаар тунгаадаг түүхч Д.Өлзийбаатар “Яагаад 1937 он?” номдоо “Алж устгахгүйгээр сөхрүүлж болдоггүй ард түмэн, дарагдаж өгдөггүй үзэл санаа гэж байдгийн жишээ энэ буюу” гэж дүгнэсэн нь сэтгэл хөдөлгөж орхив. Чингүнжавыг би доош нь хийх гээгүй. Алдарт Чингүнжавтай ногоо малгай Дамдинсүрэн Түгж Жамц нар ав адилхан гадны түрэмгийллийг үл тэвчигч зоригт хөвгүүд байжээ л гэх гэсэн юм. Ийм хөвгүүдээ бид дайсны заавраар бузарлан доромжилдог яасан ухаанаа уландаа гишигсэн ард түмэн бэ? Улс орон ард олныхоо төлөө үхэх амь, урсах цусаа баатарлагаар зольсон энэхүү зоригт халхуудыг би ойрадын эх оронч гэгдэж, хөшөө дурсгалдаа орчин үеийг мөргүүлсэн Амарсанаатай яавч зүйрлэхгүй. Амарсанаа хаан ширээнд шунаж 20 мянган Хойдыг дагуулан Манжид урваж, Манжийн цэргийн дэд жанжин хүртэл болж, яс махны тасархай Даваач хааныгаа барьж Манжид тушаасан өөдгүй амьтан бөгөөд ах дүү хан ноёдоо хулхидсан, ханилгаагүй, хэдэн тийшээ урваж шарваж, Ойрадыг сүйрүүлсэн нэгэн билээ. Монголыг их Хятадын урсгалаас 300 жил хаасан Манжийн төр 1911 онд унамагц Хятадын гарт орохоос сэрэмжлээд Халх, Буриад-Барга, Цахар, Харчин, Хорчин, Үзэмчин нар Тусгаар тогтнолын төлөө тэмцсэн. Энэ тэмцлээс Ойрадууд зай барьж, Богд хаант Монгол улсаас салж, Зүүнгар хаант улсаа эмхлэн байгуулахаар үгсэж асныг өөлөх эрх надад байх ёсгүй. Тэр бол тэдний цэвэр эрх. Энэ талаар судлаж, хойч үедээ тодруулах үүрэг харин түүхчдэд байх ёстой. 

Хэлмэгдэлд хэдэн хүн үрэгдсэн тоо эдүгээ байхгүй шүү дээ. Жалга ганганд хэдэн арав, хэдэн зуугаар ямар ч тогтоолгүй хөнөөгдсөн хүмүүс тооцоонд оролгүй өнгөрсөн. 32 онд бослого гарсан нутагт олон зуун хүний яс хэдэн жил арилахгүй цас мэт цайран харагдаж байсан. Тэр их ясан дунд миний аав төрөл садангийн яс байсан юм гэнэ лээ гээд уйлж буй эмгэн миний санаанд тод үлджээ. Үнэнийг манайд одоо ч нуудаг. Үхэх нас дөхлөө. Үүнд зовиурлаж үзэг цаас нийлүүлэх гээд байдаг өвчтэй болсон өвгөндөө би. Буруу бурсан бол зөвтгөөд өгөөрэй. Үр хүүхэд минь үнэн түүхээр хүмүүжиг.
                                                                                                      2011-11-25
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив