Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Аавын минь ял эдэлсэн түүх
2012 оны 10 сарын 31 [Уншсан тоо: 43652]
Дурсамж

Маршал Чойбалсангийн мал өсгөх анх дугаар 5 жилийн төлөвлөгөө амины мал сүргээрээ хувиа борлуулж, довоо шарлуулж, хорхойд хоргүй аж төрж асан малчдын хувьд дайрлага дайрсан билээ. Энэ улаан тийрэн босоход би 9 настай байж. Маршалын мал өсгөх анх дугаар 5 жил 1949-өөс 1953 онд явагдсан юм. Малчдыг мөн ч тамалсан даа. Харгис гэж жигтэйхэн. Манай нутагт олон айл дааж давшгүй албан журмын ноогдолд хамаг малаа хуу хамж өгөөд нутгаасаа оргон зайлсан тул зарим нэг нь гэрээ ч ачаад явж амжилгүй бариатай чигээр нь нутаг дээрээ орхиод санд мэнд зугтсан юм гэнэ лээ. Хэдэн жилийн дараа хөсрий тооно нь хар нутаг дээрээ хэмхрээд хэвтэж буй нь хирд хийлгэдэг сэн. Малгүй хоосорсон ч гэсэн төрж өссөн нутагтаа байя гэхэд “малаа санаатай хороосон эсэргүүн” гэдэг ялаар шоронд хийх гэж хавчиад байлгасангүй. Улсын хэмжээнд малаа барсан ардууд нутгаасаа оргож хотод ирээд амьдрахын эрхээр арьс шир, ноос угаах оросын амбасын үеийн өмхий үйлдвэрүүдэд ажилласан билээ. Энэ тухай БНМАУ-д ажилчин анги төрөв гэж МАН баримт бичигтээ мөнхөлсэн байгаа. Түүхэн үнэнээрээ бол Маршалын мал өсгөх харгис чанга төлөвлөгөөнд өртөж модоо барьсан гуйлагчид хотод бөөгнөрч, хүнд хүчир заваан хар ажил хийж эхэлснийг, нам засгийн мэргэн бодлогыг ухамсарласан тэргүүний малчид сайн дураараа социализмыг гардан байгуулж эхлэв гэж мандуулдаг.

Мах сүү ноос ноолуур хялгас хөөвөр арьс шир тэр ч байтугай өөхөн тос хүртэл малаас гарах ашиг шим болгоныг цөлмөх маш хүнд даалгавар малчдад тулгаад ноормоо гүйцээж чадаагүй иргэдийг шоронд ачиж эхэлсэн. Малчид буянт малаасаа цөхөрч гүйцсэн. Ямар сайндаа мянган толгой малаа төлөвлөгөөтэй нь зүгээр аваач гэж гуйдаг малчин олон гарсан бөгөөд “чиний ялтай малаар би яах юм бэ” гээд авах эзэн олдохгүй байхав дээ. Хувийн хөрөнгө, мал сүрэг малчдыг ингэж яланд унагадаг гай болж хувирсантай зэрэгцүүлээд малаа нэгдэлд зүгээр өгөөд нэгдлийн гишүүн сайн дураараа болох уу? гэсэн санал нам засаг Оросын заавраар тавив. Ялтай малаас салахын мөрөөс болсон Монголын бүх малчид нэгдэлд нэгэн дуугаар уухайн тас орсныг нам засаг 1921 оны ардын хувьсгалтай тэнцэх түүхэн гавъяа боллоо гэж албан ёсоор тэмдэглэж баяр хөөр болж байлаа. Нэгдэлжих хөдөлгөөний ялалтыг Ю.Цэдэнбалын гавъяа гэж түүхэнд үлдээсэн.

Анх дугаар таван жилийн аймшигт хатуу төлөвлөгөө өтгөн мал сүрэгтэй өрхийг намнах зорилгоор явагдсан нь анхнаасаа андашгүй байв. Олон малтай айлын албан журмыг зориуд дааж давшгүй тусгай болзлоор дэндүү чанга ноогдуулав. Мал өсгөх төлөвлөгөөнд хоосорсон айлуудын нэгэнд манайх орлоо. Аав ээж хоёр хот аймаг, мал тууварчдын бааз хэсэж, төлөвлөгөөнийхөө дутуу мах ноос ноолуур арьс ширийг аль л сайхан эр сувай малаараа авч хоршоонд тушааж чадвал бөөн хөөр болдог сон. Манайх ийнхүү малаа барсаар байлаа. Хоршоонд хичнээн ч мал, хичнээн ч түүхий эд баялгаа тушаагаад копий улаан мөнгө ч олдохгүй шүү дээ. Эд бүгдийгээ зүгээр өгчих лөө гэж хэлэх үг байтугай тийм бодол ч аав ээжийн үеийхэн айсандаа тээж явсангүй. Тэгэхэд эдүгээ ажил хийх дургүй архичид сар бүр 21 мянгыгаа авна, хөгшид бид саяыгаа гүйцээж авна, багш нар тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалин-хэдэн түмэн саяыг өгөөдөх гээд шаардах эрхтэй болж. Амьдрал, эрх чөлөө 1950-иад оныхтой харьцуулахад өдөр шөнө шиг болсон нь олзуурхам.    

Махны дутуу нэхэгдээд аавыг шүүхээс дуудаад салдаггүй. Шоронд орохгүйн тулд саалийнхаа хоёр тугалтай үнээгээр манайх Улаанбух гэдэг хүнээс хоёр гуна авч хоршоонд пүүлүүлэв. Ингэж махныхаа дутууг хаасан боловч сүүн зовадад тушаах сүүгээ яах билээ? Хоёр үнээгээ Улаанбухад өгчихсөн байдаг. Ийм хяслан айлд бүрд учирна. Тэгтэл Улаанбухын улаан гай бослоо. Хоршоонд тушаасан нөгөө хоёр гунаны эзэн гарч ирэв. Хоёр гуна хулгайн гуна байжээ. Хоёр гуныг хоршоонд тушаасан эзэн нь манай аав байж байдаг. Аав шүүхэд дуудагдлаа. Ааваас “Чиний хоршоонд өгсөн хоёр гуна энэ мөн үү?” гэдэг юм байгаа биз. Аав “Мөөн” гэж хүлээдэг юм байгаа биз. “Яагаад хүний гуна хоршоонд өгсөн бэ” гэхэд аав “Энэ хоёр гуныг би Улаанбухаас хоёр тугалтай үнээгээрээ авч хоршоонд өгч махныхаа дутууг хаасан” гэж үнэнээ хэлжээ. Харин Улаанбух юу гэж өчсөн юм бол би балчир байсан болоод мэддэггүй юм. Ямар ч байсан Улаанбух аав хоёрын хооронд зарга үүсэв.

Шаамий гэх өөдгүй нэгний хүүхэд тогдохгүй нас бараад байж. Хүмүүс өөдгүй ажил хийдэг Шаамийн хүүхэд тогтохгүй байх нь аргагүй гэлцэнэ. Улаанбух нууцаар дүвчигнэж, өргөл барьц авч мэргэлж түргэлнэ, хараал жадаг нь хүнд хүрдэг гэсэн цуурхлаар нутгийнхаа олныг айлгадаг зальт этгээд байв. Хүүхэд нь тогтдоггүй Шаамийнд ээлжит хүү төрсөн авч ёлцгоноод айлгаж эхэлжээ. Шаамий дотоод яамны нууц агент, намын гишүүн-коммунист кадр байсан хэдий ч төрсөн үрээ бас л алдах болоход арга нь барагдсан тэр бээр хувилгаан Улаанбухад хадаг архи мөнгө барин хүүгээ аргалж өгөөч хэмээн сөхөрчээ. Согтуу голдуу байдаг Улаанбух дотоод яамны нууц тагнуул өөрт нь мөргөсөнд өөрийнхөө ид шидийг олны дунд “гарч өгчээ” гэж хөөрсний дээр хүүгийн амийг аварч чадах хүчгүйдээ санаа зовсон нь мэдээж. Гайхалтай нь Шаамийн хүүгийн ёлцон илааршиж Улаанбух эцэг эх хоёроос нь дутуугүй хөөрчээ. Нялх хүүхдийн амь аварсан хүнийг гоочлох муухай. Өөр юм ярья. Хүүгийн бие сайжирсныг далимдуулан, хоёр гунаны хулгайн хэрэгт унахаар болсон Улаанбух дээгүүрээ итгэгдэж, нэр төр сайтай яваа Шаамийг гэрчээр ашиглах арга сийлэв. Эзэн нь тодорч хулгайн гуна болоод байсан хоёр гуныг Шаамий Улаанбухын манай аавд өгсөн хоёр гуна биш гэж шүүхэд гэрчилжээ. Шаамий хүүгийнхээ амийг аварсан хувилгаанд өр төлж буй нь тэр. Дотоод яамны итгэгдсэн нууц матаачийн үг үнэн байх ёстой гэдгээр аав яланд унах боллоо.



Хожгор гэгч агсам эр дандаа зодолдоно. Тэр бээр нэг агсам тавихдаа галын хайчаар аавын гарыг цохиод гэмтээчихсэн юмсанж. Аавыг ах дүү ойр тойрныхон нь Хожгорыг сумын захиргаанд мэдүүл гэж ятгасан боловч аав тэгсэнгүй, Хожгорыг уучилжээ. Энэ тухайгаа аав тооцоолоод Улаанбух хуурамч гэрчээр Шаамийг авсан юм чинь, би Хожгорыг хоршоонд тушаасан хоёр гуна Улаанбухын аавд өгсөн гуна мөн гэж гэрчилж туслахыг гуйя гэсэн гэнэн арга олжээ. Хожгор урьдах гэмээ цайруулах гэсэн үү, яасан бэ, гэрчлэхээр зөвшөөрчээ. Шүүх дотоод яамны нууц тагнуулчийнхаа гэрчилснийг үнэн болгох гэж Хожгорыг “худал гэрч боллоо, чамайг шоронгийн хадаас болгоно” гэж сүрдүүлжээ. Айсан Хожгор үнэнээ улайж байж шоронгоос мултрав. Аав Архангайн шоронд гурван сар мөрдөгдөөд хэргээ хүлээгээгүй учир “өмсгөж таслав” гээд гурван жилийн ял өглөө. Ингэж аав минь Улаанбухын хулгайлсан хоёр гунаны яланд дотоод яамны нууц матаач Шаамийн оролцоотой унаж, Налайхын уурхайн гүнд жил гаруй нүүрс малтаад, 1951 онд ардын хувьсгалын 30 жилийн ойгоор өршөөгдөн гарч ирлээ. Эрт эдүгээгийн шүүх гэж ийм л байдаг хойно аав минь хохироод л өнгөрсөн. Заргалдаад дотоод яамны нууц олиочийг дийлэх, тэр үеийн номонд хазгай.

Хожгор хожим нь аавын найзын нударгатай хоёр урт ханцуйг хумьж атгачихаад галын хайчаар нүүр толгойгий чөлөөтэй хага цохиж байхад нь аав найзыгаа өмөөрч Хожгорыг болгож тавьсан даа. Тулгаа тойрч суугаад агсагналдах агшинд галын шилээгүүр-урт хүнд төмөр хайч Хожгорын гарын дорх зэвсэг болж байсан юм байлгүй. Том нударга савчуулсан тэр үедээ моодны урт ханцуйн хоёр үзүүрийг зодолдох үед хумьж атгахад амархан бөгөөд хоёр ханцуйгаа атгуулсан аавын найз гараа ил гаргаж чадахгүй толгойгоо зөндөөн хага цохиулж цус нөжтэйгөө холилдож, “амь авар” гэж орилж байсан юм гэнэ лээ.

Хавирга нь гэмтсэн Хожгор амьсгаа авч чадахгүй шахам хэд хоног шаналсан авч урьдахиа бодсон уу, яасан, аавыг сумын захиргаанд мэдүүлээгүй өнгөрсөн юм гэдэг. Бодвол наймаа цаагуураа таарсан хэрэг байх даа. Шүүх цагдаа хол, ирсэн ч хэрэг зөрчлийн учир начрыг олохдоо маруухан тул бөглүү нутагт ингэж хариугаа авалцаж, өгөлцдөг жишиг тогтсон нь хууль цаазгүй  үеэс угшилтай биз.

Тавиад оноос хойш нэгэн жаран улирахад өдгөө хуулиа зөрчвөл хуулиа өөрчлөөд ял завшдаг жишиг тогтов. УИХ-ын хуулийг тоохгүй том толгойлж хамраа сөхөж байж бүлэггүй хоцорсон МАН Ерөнхийлөгчөөрөө хуулиа засуулаад бүлэгтэй болно хэмээн тунирхаж суугаа нь ичмээр давруу яа. Аль ч зуунд өөдгүй монгол зан бүхнийг чөдөрлөж иржээ. Өөдгүй монгол зангаасаа хүн бүхэн салж чадвал хөгжил хууль номоороо нисэх сэн.      
                                                                                                          2012-10-30



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив