Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хувьсгал ба маниус
2017 оны 3 сарын 7 [Уншсан тоо: 26586]

(Нөгөө ертөнцөөс маниусын илгээсэн захидал)          

Эзлэн түрэмгийлэх аюумшигт гамшиг хориод оноос тодорхой хэдэн гадаад үг монголчлохоос эхэлсэн түүхтэй. Орос сургагч маниусыг “нэг юм хий!” гэж тулгав. Бүр бултах гарцгүй шахав. Уурлаад бухимдаад буй цэнхэр нүдийг нь харахад тэр юмыг нь дав даруй хийж, санааг нь амраахгүй аваас яаж ч мэдэхээр шийдчихсэн толгой болох нь танигдлаа. Гэхдээ чухам юу хийлгэх гээд буйг өнгөрсөн зууны хориод оны дүнхүү маниус таадаггүй. Эцэстээ сургагч маань бачимдаад бүр галзуурах нь ээ. Сургагчийн амнаас байнга хадах коммунизм социализм гэдэг үгс маниусын чихэнд хоногшив. Гэвч чухам ямар утгатай үг болохыг орчуулах гээд чаддаггүй. Чадаагүй нь маний буруу ч бас биш юм. Учир нь коммунизм социализм гэх ухагдахуун монгол тархинд угаас заяасангүй. Тийм ухагдахуунгүй болохоор байхгүй ухагдахууныг илэрхийлсэн “үг” монгол хэлэнд зохиогдож үгсийн санд орсонгүй. Тийм ухагдахуун, тийм үг ерөөс үгүй болохоор коммунизм социализм гэдгийг мань ойлгоогүй нь хэр. Энэ үүднээс маниус буруугүй байлтай. Гэвч сургагч  маниусыг “тэнэг малууд” гээд алах шахав. Ашгүй лам, язгууртан хэдэн бичгийн мэргэд коммунизм гэсэнд нь “эв хамт ёс”, социализм гэсэнд нь “нийгэм журам” гэсэн нэр оноож маниусыг аварлаа.

Эв хамт ёс тогтоож, нийгэм журам байгуулах юм болоод явчихав. Маниус сургагчийнхаа дотор санааг арай гэж нэг юм гадарлахчаа аядав уу гэтэл бас болоогүй гэнэ. Эв хамт ёс тогтоож, нийгэм журам байгуулахын наана “революция” гэдэг довтолгоог бурхны шашинт буурай Монголд шууруулж дуусгах ёстой юм байжээ. Революция гэдэг үг нь юу гэсэн үг юм бүү мэд. Нөгөө хэдэн номтой ноёд хуваргууд “революция” гэдэг үгийг судалж судалж, тийм ойлголт Монголд ор тас үгүйг тогтоосон авч утга дөхүү “хувьсгал” гэсэн үг шинээр зохиож хүчээр тааруулав.

Тэгтэл бөөн гай ч нөмөрлөө дөө. Сургагчийн нүд баяртайгаар ногоорч “Да здравствуйте, Великая Октябрьская Социалистическая Революция” гэж лоозогнов. Маниус сургагчийг дагаж, энэ хэдэн хэлэхэд хэцүү орос үгийг муруй хазгай түрж орилдог хачин жигтэй хувьсгалч араншин сурлаа. Ямагт малын бэлчээрт ганцаар голдуу уйтгарлаж явсан маниус ингэж дуу нийлүүлэн оросоор нэгэн зэрэг нирхийтэл хашгирч чадсандаа жигтэйхэн хөөрсний гадна хүүхнүүд хүртэл орос хэлтэй маниуст сээтэгнэв. Сургагч маниусыг жагсаагаад хэдэн үг шулганасан нь “Та нар бол яруу алдарт хувьсгалчид” гэж магтсан юм гэнэ. Маниус ямар гавъяа мандуулснаа мэдэхгүй ч “Бид бол яруу алдарт хувьсгалчид” гэж дуу авалцан сагсуурдаг хувьсгалч сүржин ёс эзэмшив. Сургагчийн алхаа гишгээ ялангуяа ёсолгоо нь маниусын шохоорхлыг ёстой ноцоолоо. Ташаанд нь зүүлттэй нагааныг маниус шөнө болгон зүүдлэнэ.

Тэгтэл яасан гээч. Маниуст нагаан буу тарааж өгөв. Үгүй ер ийм юм гэж ертөнцөд байх уу. Буу зүүснийхээ дараа сургагч шиг илтгэж сурах сан гэсэн мөрөөдөлд маниус автав. Гачлантай нь илтгэх үг маниусаас урсахгүй. Урсах үг байтугай хэлэх ганц хувьсгалч үг маниусын цээжинд байхгүй юм чинь сургагч шиг яаж илтгэхэв. Гэвч торохгүй илтгэхийг хүсэж, нууцаар хөдөө хээр дасгал хийнэ. Сургагч илтгэхдээ империализм болон ангийн дайсныг занаж хилэгнэхээрээ ташаан дахь буугаа байн байн суга татаж, буудах нь уу гэмээр гозолзуулснаа бууныхаа ам руу үлээгээд малгайнхаа саравч өөд олино. Маниус энэ урлагийг дуурайж, нагаанаа үе үе тэмтрэх ба нагаанаа суга татах агшин ирээсэй гэж тэсэж ядан хүлээнэ. Дайснаа буудаж үзэх сэн гэсэн хорхой гозгонож байсныг нуугаад яахав.

Хувьсгал гэдэг нь улаан галзуу дайралт байжээ. Монголын уламжлалт нандин өв соёл, зан заншил, бичиг үсэг, шашин шүтлэг, сүм хийд, мал сүрэг, газар шороо, ахуйг орвонгоор нь хувьсган өөрчлөх түймэр аслаа. Хувьсгалт хэнээ туссан маниус ч бас хоцорсонгүй. Бид толгойдоо халимаг сэгсчүүлж, ташаандаа буу савчуулж, хаашаагаа хэн рүү довтлохоо мэдэхгүй ч гүйлдэж бужигнав. Бас хар аяндаа үзээгүй мэдэхгүй дайснаа ихээр занах өвчинд автлаа. Ганц командаар бүхнийг чичрүүлэн айлгах сургагчийн омог бардам түрэмгийллийг эзэмших сэн! За тэгээд цэрэг хувцас, ногоон малгай, савхин гутал маниусыг ховстлоо. Ирээдүйд чухам юу болохыг төсөөлөөгүй атлаа маниус хар аяндаа хий л ингэж онгирцгоов.

Харамсалтай нь маниус удаан онгирсонгүй. Сургагч нэг өдөр гар буугаа дээр өргөөд маниусыг “Хувьсгал хийгээд марш!” гэж командлав. Чухам юу хийхээ мэдэхгүй тэнэгтэн ийш тийш миегэнэвэл маниусын тэнэгт уур нь бадарсан сургагч ташаандаа зүүсэн буугаар зүв зүгээр “Ура” чангаар хашгирч явсан бидэн дундаа бичиг үсэгт тайлагдсан нөхрийг минь “ардын дайсан, эсэргүүн” хэмээн гавлыг нь зад буудаж, үзүүлэх сургууль үйлдэж, маниусыг чичрүүллээ. Тэгсний дараа айж үхэхээ шахсан маниусыг “Бүгдийг хувьсга” гэж заналхийв.

Эхлээд юуны өмнө бичгийн мэргэд болох нөгөө язгууртан ноёд лам хуваргаа толгой дараалан хувьсга! гэж тулгалаа. Тэднийг яаж хувьсгах билээ гэвэл бурхан минь бүгдийг буудаж хувьсгах юм гэнэ. Буудахгүй гэж гүрийвэл маниусыг хувьсгах номтой нь тодров. Хувьсгалаа. Бас хувьсгууллаа. Мөн бие биеэ хувьсгахаа маниус өөрсдөө дөнгөв. Хувьсгана гэдэг хар дарсан зүүд, бие болоод сэтгэлийн дайрлага байв. Цусаар шуурсан улаан хувьсгалын хуй салхинд маниус алтан амь, эхнэр хүүхэд, орон гэр, мал сүргээ хийсгэв. Мэхлэгдсэндээ маш их гутарлаа. Гэвч хожимджээ. Ингэж чадуулсан түүхээ эдүгээ ардчиллыг далимдуулан хойч үеийн Төр, Засагт сонордуулбал бурууддаг бол уу, яадаг бол?
Маниус гэдэг чинь уг нь орчин үеийн улстөрч лидерүүдийн өвөө эмээ нар нь шүү дээ. Та нарын шүтээн болгон залсан “хувьсгал” хэмээх цоо шинэ үгний бөгсөн дор маниусын цогцос, хувь заяа булаастай хэвтээг бүү мартаарай! Оршдоггүй бурхан шүтэж, хууртахад, юу ч алдахгүй. Хууртлаа гээд нигүүлсэнгүйн хоосон чанарт залбираа л биз. Хоосон чанарт мөргөсний гай гэж юу байхав. Харин өвөө эмээгээ хөнөөсөн хувьсгал хэмээх оршдог бурханд сохроор биширч хэдэн үеэрээ мэхлэгдсэн үр удам та нар минь даанч харамсалтай. Алуурчнаа танихгүй тэргүүн дээрээ “бурхан” хэмээн залсаар насыг элээхээс илүү гутамшиг хорвоод үгүй. Шүтэж буй “хувьсгал” гэгч “бурхан” чинь өвөө эмээ нарын чинь яргалагч байсан юм шүү. Энэ ов мэхийг тайлахад хялбар. Эхлээд монголчуудыг бурхангүйчүүд болгох. Дараа нь бурхангүйчүүдийг “хувьсгал” гэгч хийрхлээр солиоруулж, удам судраа дээдлэх ой санамжгүй боолоо болгох. Ердөө л энэ!       
Хувьсгал ингэж эхэлсэн бөгөөд маниус дух руугаа буудуулсан тул хувьсгал цааш яаж өрнөснийг үзээгүй. Харин маниусын амьдад Монгол Ардын Намыг, Монгол Ардын Хувьсгалт Нам болгосноор хувьсгалын галзуу улаан тийрэнд өртөөгүй хоточ банхар ч Монголд үлдээгүйг маниус нүдээр үзэж, биеэр амссанаа Монголын ирээдүйн үе үеийн жолоодогч нарт буухиалан уламжлая гэсэн бөлгөө.
                                                                                                                              
2008
“Цав цагаан” номын “Нуралт” бүлэг


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив