Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Монгол хэлд орсноос хөлд орсонгүй
2017 оны 3 сарын 20 [Уншсан тоо: 22477]
Баатарлаг догшин дүртэй эх орончид уул усныхаа онгон дагшин шүншгийг сэвтүүлэхгүй гэж архирч, дүрэмдээд, хөрөнгө оруулагчдаас авилга нэхдэг. Авилга өгсөн бага гарын хөрөнгө оруулагч орж ирээд ажлаа эхэлмэгц орон нутгийн эрх баригчид дээдсээ дуурайж хахууль авахаар “эзлэгдлээ устлаа” хэмээн харанхуй малчдаа тэмцэлд босгодог. Дээр нь төмөр хас сахиустнууд нэмэгдвэл өнгөрөө. Ийм айхтар эх оронч улсад гадны хөрөнгө оруулагч нар тэсвэрлэх үү.

Жилийн 12 сарын 8-д нь улаан шороо хийсэж, цасан шуурга шуурсан бөмбөрцгийн хөлдүү цэвдэг дээвэр дээр орших Монгол гэгчийг булаан эзлэх гэж нэр нүүрээ бузарлах гүрэн гарахгүй биз. Далайн захын мөнх ногоон, халуун дулаан орон бол бусдын дурыг татлаа гэхсэн. Байгаль цаг уурын таатайгаас таагүйг хүртэл эрэмбэлсэн жагсаалтад Монгол хамгийн аз жаргалгүй оронд тооцогдсон. Олон улсын судалгааны дүн ийм. Байгалийг үгүйсгэлтэй ч биш. Агуу том нутагтай манай хоёр их хөрш Монгол руу довтлохгүй. Үгүй ядаж биенээсээ жийрхэж нэрэлхэнэ. Бас ч гэж ядуу Монголын тусгаар тогтнол савангийн хөөс шиг тийм хэврэг ч биш. Дээдэс минь халуун амь бүлээн цусаараа хамгаалаад ирсэн түүхтэй монгол чулуу. “Чингисийн Монгол” гэх хоосон алдар нь гэхэд л тусгаар тогтнолын дархлаа болдог. Чингисийн Монгол гэгч цөөн буурай, бэл бэнчингүй, өрөвдөм атлаа хөөрүү, гэнэн цайлган, хорхойд хоргүй малчдыг өмөөрөх гүрэн бишгүй гарна.

Энэтхэгийн парламентын Доод танхимын дарга Сумитра Махажаны айлчлалынхаа үеэр мэдэгдэхдээ “Энэтхэг улс бол дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж байгаа томоохон эдийн засагтай улсуудын нэг. Манай эдийн засгийн өсөлтийг Монголын төр засаг, бизнес эрхлэгчид харилцан ашигтайгаар аль болох сайн ашиглаасай” гэсэн нь (“Өдрийн сонин” 2016. 04. 20) буурай бидэнд туслах сэтгэл гаргаснаас бус, аварга Энэтхэг ашиг хонжоог урьтал болгоогүй нь тэрбум ам. доллар зээлүүлж, үүгээр бэл хийгээд хүн шиг босоод ир гэснээр илэрч буй.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Хятадын нэг том удирдагч мөн иймэрхүү сайн санааны зөвөлгөө өгч байсныг тэр бээр сэтгүүлчдэд сонсгосон. 1,4 тэрбум хүн амтай Хятадын аварга эдийн засгийн хэрэгцээ мангас шиг агаад үсрэнгүй хөгжихдөө гаднаас асар их эрдэс баялаг импортолсон. Мөнгөө хурааж баяжсан Хятад улстай дэлхийн олон орон, улс төржилгүй, худалдаа өрнүүлж хожсон. Хятадтай хамгийн урт хилээр хаяа хатгадаг хөрш-Монгол улс л хамар дороо үүссэн энэ ховор боломжийг ашиглалгүй ганцаараа хоосон хоцорсон гэж хятадууд гайхдаг аж. Тэд бидэнд “сонгосон замаа харилцан хүндэлж, адилхан хожьё” гэдэг. Харин бид хөршийнхөө үсрэнгүй хөгжлөөс ахиухан халбагадвал тусгаар тогтнолоо алдана гэх онолоор баадуурч ирэв. Энэ онол гаднаас тулгасан хатгаас болохоос монгол тархинд төрсөн унаган хардлага уг нь биш юм.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров манайд зочлохдоо сэтгүүлчийн “Монгол Орос улсын өмнө геополитикийн ямар сорилтууд тулгарч байна вэ” гэсэн асуултад хариулахдаа “Найрсаг харилцаатай Монгол улсын дотоод хэрэгт гадны нөлөөг тусгахгүйн тулд хоёр том хөрш болох ОХУ, БНХАУ-ууд бүгдийг хийх болно” гэж амлав. (“Өдрийн сонин” 2016. 04. 14) Энэ “хамгаалалт” бидний ярьдаг өндөр хөгжилтэй гурав дахь хөршүүдийн технологи, хөрөнгө оруулалт, засаглал, арилжааг хөндөөгүй гэж найдъя.

Ардчилал зах зээлд төрийн эрх мэдэл ард түмний гарт байх ёстой гэх онолтой. Коммунист нийгэмд төрийн эрх мэдэл удирдан чиглүүлэгч ганц Нам, түүний УТТ-нд, хэрэг дээрээ Ю.Цэдэнбалын гарт байсан. Энэ хоёр засаглал эдүгээ хэн нэгнийгээ дийлэх гэж арсалдаж байна. Манайд нам нь ялбал намын дарга гэгч гайхал хаанчилдаг дэглэм тогтжээ. АН-ын даргын сунгаа орон даяар аялсныг “ардчилал” гэе. Сүүлийн үед намынхаа дарга Н.Алтанхуяг, З.Энхболд хоёрт гомдож цөхөрсөн гишүүд олширч, нам хэрэггүй, намаасаа гарна гэх ухааны юм үглэж явдаг болсон. Даргын сэнтий ганц, түүн дээр залрах хорхой нь загатнасан олон бөгсний бохир тэмцэлд АН бузартсан. Ер нь аль ч намын дарга хэн байх гишүүддээ л хэрэгтэй юү гэхээс жирийн маньд ямар хүртээлтэй юм бэ. Гэвч төрийн эрх ээлжлэн барьдаг хоёр гол намын дарга хэн байх, ард түмний хувь заяанд асар уршигтайг хорин хэдэн жил нийтээр эдэллээ.

Хөгжихөд мөнгө маш чухал юм байна гэдгийг бид мэдрэв. Царай алдаж баян гүрнүүдээс зээл гуйдгаараа шившиг болж буй. Хөөж гаргасан хөрөнгө оруулагч нарынхаа өмнө хушуу дэвслээ. Мөнгө чухал биш бол бид ингэж бөхийхгүй ардууд юмсан. Ядуу цөөхнөө мэдэхгүй бид чинь их сэхүүн гарууд шүү дээ. Одоо яая гэхэв, мөнгөгүйгээс хойш сайртай өвдгөө сөхөрч, сахалтай хушуугаа дэвсэхээс. Асар их эрдэс баялаг хөл дор уг нь хэвтэж байгаа. Зэс, нүүрс, алт, хүдрийн үнэ хадаж байсан үе саяхан. Яагаад бэл бэнчингүй гуриатав гэвэл төр засгийн эрх ээлжлэн барьсан хоёр намын дарга азаргалаад үрчихсэн. Тэгэхээр намын дарга хэн байх иргэн бүрт аранга ажээ.

Одоог хүртэл төлж барагддаггүй Чалкогийн 350 сая долларын өрийг МАН-ын дарга “сонгуульд зөвхөн намайг, зөвхөн манай намын нэр дэвшигчдийг сонгоорой” гэх хахууль болгоод тараачихсан. АН-ын дарга аминд орох аварга төсөл-Таван толгой, нүүрс зөөх төмөр замыг сүүлийн 8 жил өөрийнхөө ижил хэдэн хөгийн гартай хавсайдаж гацаасан. Хувийн өчүүхэн жөтөөгөөр үндэсний компани МСS-ийг баяжуулахгүй гэсэн хор шарандаа валютын урсгалыг гадны ашиг сонирхолд нийцүүлж хаасан.

ДЦС-V, бага оврын нефть нэрэх үйлдвэр, Таван толгойн ДЦС гээд тоочвол аль л ахиухан мөнгө олох төслүүдийг төрийн эрх ээлжлэн, мөн хамтран барьсан хоёр намын дарга оройлон гацааж, шатахуун, цахилгааны даашгүй импортоор улсаа босгоогүй. Ядууралд ингэж унагасан хоёр намын даргаас илүү нүгэлтэн гээд өөр хэнийг Монголоос хайх юм бэ. Иймээс намын даргад тодрох эрхмийн талаар иргэн бүр сэрэмжтэй бай. Таны, миний, бидний амьдрал түүнээс шалтгаална.

АН-ын гишүүд өмнөх намын дарга З.Энхболдыгоо сайн шинжиж сургамж ав. Зөрүүд юм уу, урвагч юм уу, гадны шахааг далдуур дэмжсэн түүний бодлого улсаа хоосруулж, АН-ын нэр хүндийг навс унагасан. Үүнээс болж АН сонгуульд ялагдсан. З.Энхболд спикерийн шууд удирдлагаар Л.Эрдэнэчимэг гишүүний толгойлсон ажлын хэсэг Таван толгойгоос орж ирэх валютын урсгалыг хаасан гэдгээ давтъя. АН-ын даргын сэнтийг луйвраар эзэгнэсэн З.Энхболд ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг ажил хийлгээгүй. З.Энхболд Таван толгойн (сайн ч муу ч) гэрээг батлахгүй гэсэн нууц хатуу бодолтой явсан нь эцэстээ мэдрэгдсэн. Тийм эгзэгтэй ачаа тархиндаа тээсэн спикер Таван толгойн гэрээг сайжруулах талаар УИХ-ын 76 гишүүний санаа оноог сонсохоос зугтаж, чуулганаар хэлэлцүүлэлгүй бүдүүлгээр муйхарлан хорьсон. Энэ нь гэрээг ерөөс батлахгүй гэсэн хувирашгүй чигтэй спикер, гэрээг сайжрахаас зайлсан булталт байсан юм. М.Энхсайхан сайдын ахалсан гэрээний сул талыг дээрдүүлэх бус гагцхүү түүнийг огцруулах шахалт ерөнхий сайдад тулгаад дийлээгүй. Тэгмэгц М.Энхсайханыг эх орноосоо урвасан гэж ТЕГ-аар шалгуулахыг санаархсан авч сачий нь хүрэлгүй өөрөө ард түмнээр дүнгээ тавиулж лааз өшиглөсөн. З.Энхболд нарын хүйтэн санааны горыг өдгөө ард түмэн үүрээд сөхчиж явна. Монголд хортой хар элгийн бодлогоо эдгээр олигархиуд намын шинэ даргад тулгана. Тулгалтыг сөрж, Монголд ашигтай бодлого явуулж чадах манлайлагч-лидер чухал.

Ашиг олох гол экспорт-коксжих нүүрсээ угааж үнэ хүргэх, тээврийн зардлаа 70 хувь хэмнэх Таван толгой-Гашуун сухайтын төмөр замаа тавих нь эн тэргүүний төсөл. Гэтэл мөнгөгүй атлаа Тувагийн хилээс Эрдэнэт хүртэл Хөвсгөл Булганы хөвч тайг дундуур, Орхон Сэлэнгийн олон салаа татуурга дээгүүр төмөр зам тавих юм гэнэ. Энэ зам тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа учир өр тавьж мөнгө босгох гэнэ. Зөвхөн Овоот-Эрдэнэтийн хооронд 542 км замын суурь бүтцийг барихад 1,3 тэрбум ам. доллар орох гэнэ. Арцсуурь-Овоот-Эрдэнэтийн 800 км төмөр замыг Энэтхэгийн тэрбумын зээлээр 2017 онд эхлүүлж, өмнийн говиор дүүрэн нүүрсийг Хөвсгөлөөс зөөх ухаан сэддэг аль улсын харъяатын гавал бэ. Энэ төмөр зам хойд хязгаарт орших Овоотын нүүрсийг урд хөршид экспортлоход бус, гол зорилго нь Тувагийн Улуг-Хемийн ордоос жилд 47 сая тонн нүүрсийг БНХАУ руу тээвэрлэхэд чиглэж буй юм. Орос Монгол хоёрын нүүрсийг хэрэглэгч нь ганц БНХАУ. Оросын нүүрсийг төмөр замаар зөөсөн галт тэрэгний цуваа Тува руу буцахдаа Монголоос эсгий таавчиг зөөх үү. 800 км төмөр зам тавихын өмнө 267 км Таван толгой-Гашуун сухайтын төмөр замаа тавьж дуусгаад, коксжих нүүрсээ үнэ хүрч буй дээр ахиухан борлуулж мөнгөжих олзны ам бий. Энэ олзыг ашиглахгүй гэсэндээ Д.Ганбат гэгч сайд өч төчнөөн төмөр зам зэрэг барина гэж нохойтож буй. Хамгийн зэвүүн нь мөнгөгүй байж 800 км, 267 км, хоёр замыг заавал зэрэг эхлэж, заавал зэрэг дуусгах санаа сэдсэн нь гагцхүү 267 км замын ажлыг зогсоож, дахиад хэдэн жил галт тэргээр нүүрс тээвэрлэхийг гацаах хорон санаа юм. Ж.Эрдэнэбатын засгийн газар Энэтхэг улсын зээлийг нефтийн үйлдвэрт зарахаар шийдсэнд баярлав. Төрсөн үрсийн сэтгэл уг нь ийм л байдаг даа.

Том төслүүдээ бие даагаад хөдөлгөх тийм их хүч хөрөнгө бидэнд алга. Ганц боломж нь гадны хөрөнгө технологид дулдуйдан хамтрах. Гэтэл тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал гэж хийрхсэн эх орончид нөгөө ганц боломжийг маань хаачихав. Эх орончдын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал гэх баатарлаг тэмцэл хэрэг дээрээ амин хувьдаа ашиг олох шунал шүү дээ. Тэр жалганд, энэ довонд хятад хөрөнгө оруулалттай компанид хайгуулын лиценз өгөх гэлээ. Ингээд байвал Хятадын нэг муж болж монголчууд устана гэж захын малчин улстөржинө. Хятадын хөрөнгө оруулалтай компани хайгуулын лицензээ үзүүлсээр атал увсчууд хөөж гаргаснаар тэдний хайгуулд зарцуулсан олон сая долларыг увсчууд бус ард түмэн төлнө. Хайгуул хийхийг албан ёсоор зөвшөөрч лиценз олгочихоод дараа нь хөөсөн учир заргалдвал ялагдана. Хөөх байсан аваас лиценз олгодог нь яаж буй юм бол. Хөөж нэрээ хугалаад, дээр нь төлбөрт унах, эх оронч үзэл юм байлгүй.

Би яагаад Хятадын үсрэнгүй хөгжлөөс ахиухан хүртье гэж үглээд байдаг хүн бэ гэвэл бидэнд хил залгаа ойрхон өөр ашигтай олон түнш заяасангүй. Тиймээс хаяа дэрлэсэн ганц аварга захад баялгаа чадлаараа шахаж, ахиухан зоос олох гэсэн намайг ойлгооч. Хятад улс манай зэс нүүрс мэтийг шингээж буй ганц орон. Бидэнд маш хэрэгтэй хөрш. Гэхдээ уусах эрсдэлтэй. Уусах эрсдэлтэйг Хятадын нийтлэлчид зөвшөөрч бичдэг. Энэ үүднээс 3 сая бид визгүй, тэрбум гаруй тэд визтэй зорчиж байхыг Монгол Хятад хоёр тохиролцсон. Уусахгүй эвтэйхэн соёлтой харилцах нарийн жим эрүүл ухаантай улсад бол олдож л таарна. Хоёр аварга гүрний завсар хавчигдсан байршлаа өөрчилж чадахгүйгээс хойш өгөгдсөн эрсдэлтэй жимээрээ хүссэн ч эс хүссэн ч сажилж л таарна. Ю.Цэдэнбалын үзэл суртлаар үргээчихгүй юмсан. Арилжаа, хөрөнгө оруулалт амьдрал. Мөнгөтэй л бол бүтээн байгуулалт өрнөж, амьдрал сайжирна. Мөнгө олохыг бодлогынхоо эхэнд тавих мөнгөний шунал бус тулгамдсан хэрэгцээ болоод байна. Ашигт малтмалаар асар баян Оросод маниас авах юм байхгүй. Импортод урсаж буй манай валют зөвхөн Оросын шатахуун, эрчим хүчинд залгиулдаг. Цахилгаан, бензинийхээ хугасыг ч болохноо дотооддоо үйлдвэрлэхгүй бол хэрээс хэтэрсэн энэ дарамт Монголыг хэзээ ч босгохгүй. Саяхан дайсагнаж асан хоёр хөршийн харилцаа эрин зуунд өөрчлөгдсөөр атал ядуу монголчууд “орос ах”, “хужаа” гэж харанхуй үеийнхээрээ улс төржөөд, ХХI зуунд эдийн засгаа л “алж” байна.

Бидний улс төрийн боловсролыг өнгөрсөн зуунд орос ах нар эргээд буух аргагүй оргилд мандуулж чаджээ. Хэт өндөр авсан улстөрийн боловсрол маань газардаж чадахаа болив. Эдийн засгийн мэдлэггүй бол эсэн мэнд газардаж чадахгүй тийм оргилд бид дан ганц улс төрийн боловсролоор нисчээ. Социализм коммунизмээс газардахад шүхэр хэрэг болдог аж. Тэр шүхэр нь зах зээлийн эдийн засгийн мэдлэг юм байна. Эдийн засгийн боловсролоор нойл, үрж чаддаг, олж чаддаггүй бид “стейнд бай”-д хушуу дэвсэхээс өөр амиа аргалах хувилбар хичнээн улстөржөөд ч олохгүй арчаагаа алдав. Монгол хэлд орсноос хөлд орсонгүй.

Эзлэгдлээ, ууслаа гэх давчидсан эх орончид хөдөө хотгүй яасан их олширч, яасан их үнэ хүрээ вэ. Тусгаар тогтнол, аюулгүй байдал гээд хийморьтойхон шиг омогшвол юманд хүрч байна. Сум аймгийн дарга, гишүүн ч болно. Гишүүн болсон нь Байнгын хорооны дарга, сайд ч болдог. Манай үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг гаднаас үнэхээр тэгж заналхийлээд байгаа юм уу? Үгүй байлтай. Хоршсон төсөл, арилжаа эхэлбэл тусгаар тогтнолоо алдах гээд байгаа мэт сандарсан хүмүүсийн мэдэгдэл байнга цацагдаж айдас хүргэх юм. Ийм өдөөн хатгалга хоёр хөршид аятайхан сонсогдохгүй дээ.

Шатахуун, эрчим хүчээ дотооддоо хангадаг болбол хойд хөрш аягүйцна гэх айдас-эдгэршгүй эмгэг болсон коммунист боолын сэтгэлгээтэй ард түмэн Энэтхэг Хятад Япон Солонгосын эдийн засгийн үсрэнгүй хөгжлөөс юу л олж долоов гэж. Монголыг бяд суулгахгүй гэсэн Оросын геополитик хил залгаа Хятадын үсрэнгүй хөгжлөөс биднийг юм олоод зулгаачих вий гэж цагддаг. Хятадын зөөлөн тэврэлт уусгана гэх мэт. Өмнөд хил орчимдоо уурхайн экспортын мухар төмөр зам тавивал тусгаар тогтнолоо алдана. Танк их буугаа ачаад ороод ирнэ гэх маанаг ярианы цаана монголчуудын маш өрөвдөлтэй эмгэнэл оршдогийг бид нуудаг. Танк их буугаа ачаад ороод ирнэ гэдэгт бид итгэж тэнэгтээд байгаа юм огт биш. Нарийн цариг битгий тавь гээд Орос тушаачихсан юм. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого гэж сүрдүүлээд байгаа нь ийм учиртай. Архивт үлдэх баримтгүй орос ахын нууц аман тушаалыг задруулах зориггүйдээ монголчууд “өргөн нарийн цариг” гэж өвөр хоорондоо талцаж маргаад буй байдлаар дотоод гадаадад ойлгуулдаг. Орос ахдаа тал засаж буй царай. Яг үнэндээ монголчууд өргөн нарийн цариг гэж мангартаагүй. Нарийн царигаар төмөр замаа тавчихвал өргөн царигаас нарийн цариг руу өдөрт хэдэн зуун вагон сэлгүүлэн ачих чирэгдэлгүй асар их мөнгө хэмнэхийг монголчууд мэдэж буй. Гэвч “Царигийн маргаанд орос ах огт хамаагүй. Тэнэг бид л хоорондоо маргаад төмөр замаа 10 гаруй жил тавьж чадсангүй” гэж бие биедээ бурууг тохож, Орост долигнодог. Хүнд даацын мянган авто машинаар нутгийнхаа онгон хөрсийг сүйтгэж нүүрс зөөснөөс, төмөр замтай болбол тээврийн зардал 70 хувь хямдрахыг -дугаар хорооны хөгшид хүртэл тооцож, олон жил бухимдлаа. Бидний аймхай хулчигар зан бол өнгөрсөн зуунд зүрхээ зүсүүлснийх. Ямагт бидний буруу болдгийн цаана бидний эмгэнэл оршдог. Энэ эмгэнэлээ бид нуудаг юм. Ард олныхоо эрх ашгийн төлөө эр зориг гаргах манлайлагчид заяах болтугай.

Улс төрийн өндөр боловсролтой монголчууд эдийн засгийг үл тоодог гэж дээр бичсэн. Баялаг бүтээх гаргүй, хоосон толгой бүхий том зантай даргамсаг улстөржилт Монгол улсыг хоосруулж дууслаа. Барууныг дайсан гэх улстөржилт ходоодны мухарт өмхийрнө. Дайсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ гадныхантай түншилсэн мулгуу зальдуулж хохирно уу гэхээс сэргэлэн монгол, түнштэйгээ адилхан хожиод чинээлэг болох үүд нээлттэй. Нээлттэй үүдээр шургаад баяжсан компани, группын жишээ манайд цөөнгүй. Тэнэг бол гадныхантай бүү түншил. Ухаантай бол түншил. Зарчим ердөө ийм байхад өөрөө бизнес эрхлэх чадваргүй, харанхуй атлаа гадны хөрөнгө оруулагчдыг дайсан гэж үргээдэг. Харийнханд хайртайдаа түншлэх гэж чармайгаад байгаа юм биш. Тэд мөнгөтэй, бид мөнгөгүй учраас шаагдаад байна. Түншээ холгохыг урьтал болгоод, дараа нь хөөдөг эзгүй цөлийн ханилгаагүй зожиг араншин чинь, бизнес эрхэлж чаддаг бусад монгол нөхдөд чинь хохиролтойг тооцож сур. Ингэж тооцож сурвал жинхэнэ эх оронч болно. Түншдээ хулхидуулахгүй, адилхан хождог оюунлаг монголчуудад баялаг бүтээхэд нь бүү гай тарь. ХХI зууны зах зээлийн менежмэнтэд гологдохгүй боловсорсон монгол олширч байна. Гүйх нохойд баах нохой саад болдог.

Газар шороогоо гадныханд ухуулбал эх орноо алдана гэж хамгийн чанга орилдог эх орончид хэн бэ гэвэл нинжа нарын ардахь нууц ноёд. Нэг эр телевизийн дэлгэцэнд өөрийгөө шатааж, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэгчдийн цогтой загвараар алдаршиж мандсаны ардахь нууц ноён нь УИХ-д байсан гэх яриа бий. Ажилгүй болсон уурхайчдыг Хятадын хөрөнгө оруулалттай уурхайд түр ажилд оруулж цалинжууллаа гэж шатаж буй нь тэр. Хүзүүндээ төмөр хас сахиустай муухай харцтай хүдэр хадар эрчүүд бичил уурхайчдыг чичрүүлж, хэдэн зоосыг нь хамдаг. Энэ нь тусгаар тогтнолоо хамгаалж, үндэсний аюулгүй байдлаа аварч буй эх оронч үйл хэрэг гэсэн.

“Найз минь баяжихгүй л бол, би хувхайрсандаа яахав” гэх атаач монгол зан бидний тархийг удирддаг. Хөршөө дажгүй ашиг олох бизнес хөдөлгөвөл түүнийг нь унагахад хэрэглэдэг шалгарсан шантааж бол “тусгаар тогтнол, аюулгүй байдал” гэх улстөржилт. “Тусгаар тогтнол, аюулгүй байдалд хор учрууллаа” хэмээн хамар хашаан дээгүүрээ өнгийгөөд орилоход нөгөө муу хөршийнх нь бизнес дашин шог болно. Таван толгой, төмөр зам, ДЦС-УЦС, нефть үйлдвэр гэх мэт том төслүүд бүгд ийм технологиор царцсан. Баялаг бүтээхийн эрлэг тусгаар тогтнол, аюулгүй байдал болжээ.

Хөвсгөл Завханы харанхуй хязгаарт ДЦС барих хөрөнгө босгосон монгол залуус ямар их урамтай нээлтээ хийж, тууж хайчилж асныг арваад жилийн тэртээ телевизээр орон даяар цацсан. Малчны гэрт чийдэн асч, бөглүү сумын төвд хувийн аж ахуйн тоног төхөөрөмж тогоор ажиллана. Оросын эрчим хүчинд урсдаг валют нутагт минь шингэнэ. Уугуул иргэдийн амны хишгээр хөл дор нь нүүрсний орд заяажээ. Хотлоороо хөөрсөн. Чингэтэл Ц.Даваасүрэн гишүүн гэгч гай уг төслийг “гадны аюул” гэж телевизээр эх оронч цээжээ дэлдсээр байгаад унагачихсан. Хачирхалтай нь арваад жил гацсан төсөл энэ жил нөгөө Тэлмэн сумандаа дахиад л тууж хайчлан нээж харагдана. Нөгөө эх оронч гишүүн, нөгөө гадны аюул сураг алга. Гацаагүй бол өнөөдөр эрчим хүчээр харанхуй хязгаарыг арваад жил тэтгээд жигдэрчих төсөл. Ц.Даваасүрэн гишүүний эх оронч хийрхлээс гайтаж алдсан жилээ, шинээр эхэлж буй бүтээн байгуулалт дуусах жилтэй нийлүүлбэл Ц.Даваасүрэн гишүүн хориод жил орон нутгаа хорлож, хориод жил Орос эрчим хүчээ энэ хязгаарт шахах болжээ. МАНАЙ ХӨГЖЛИЙН ХУРД ЭНЭ. Ийм гишүүд, ийм Төр Засаг 26 жил Монголоор тоглов. Ингээд тоглуулаад байх уу. Ухаалаг хүчирхэг хүн ам ингэж тоглуулахгүй. Хэрхэх эсэхээ сонгох цаг ирж дээ, тэнэгүүд минь. ДЦС-ыг гацаасан, хардахаас өөр чадваргүй социалист тооцооны ня-бо Ц.Даваасүрэн гишүүний учруулсан нийт хохирлыг тооцож, төлбөр тавивал түүнд хэдий анзааны нялбар ноогдох бол.

Хоёр гишүүн хулгайгаа харилцан ухалцвал тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд гамшиг учирна. Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал тоглоом болжээ. Үйлдэл дээрээ чихдүүлээгүй УИХ-ын гишүүний хулгайг сөхөх гэвэл Монгол улсын тусгаар тогтнолыг хөндлөө гэх эсэргүүцлийн сүрт цуглаан бужигнана. Тэнд үндэсний аюулгүй байдал гэж жүжиглэсэн нэр цуут улс төрчид, урлагийн одууд, алдарт бөхчүүдийг харин ойрхноос харах завшаан олдоно.

Хулгайг нь шалгавал Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд, “Нам дамнасан бүлэглэлийн хулгайтай эвлэршгүй тэмцдэг намайг Ерөнхийлөгч болохоос олигархиуд айсандаа хэлмэгдүүллээ” гэдэг эх оронч бэлэн өчигтэй болсон. Хулгайгаа шалгуулж буй олигархийг бид бүгдээрээ “ХЭЛМЭГДЭГЧ” гэж өмөөрөөд, хулгайг нь шалгаж буй хуулийн байгууллагаа 37 оны “ХЭЛМЭГДҮҮЛЭГЧИД” гэж зүхдэг болжээ. Авилгатай бид ингэж тэмцэв. Дээр нь мунгинуу хуулийхны удааныг яалтай. Бас зориуд удаадаг арын хаалга бий. Хулгай нь шалгагдаж буй томчуудын бүлэглэл “авилга гэж ангалзсан” Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг гутааж, уснаас хуурай гарах янзтай. Авилга гэж дуугарсны үр дүн энэ. Дараагийн Ерөнхийлөгч авилга гэж ангалзвал мөн л ийм замаар ялагдах нигуртай. Харанхуй масс-биднийг байсан цагт ямар ч Ерөнхийлөгч авилгын том тулнуудыг дийлэхгүй. Харанхуй масс-бид гэгээрвэл авилгачид ялагдана. Өвчтөн эмчийнхээ зөвөлгөөг дагахгүй бол өвчинтэйгөө хүч хавсраад эмчээ дийлдэг. Эмчтэйгээ нэгдвэл өвчнөө дийлдэг.

Өндөр технологи эзэмшсэн харийн чинээлэг ноёдтой түншлэх хөгжлийн гарц болдог жишиг дэлгэрчээ. Олзонд шунасан ховдог түншид холгуулахгүй хорших ухаан монголчуудад эн түрүү чухал болов. Тийм ухаан хүн бүр тархиндаа суулгаж чадвал тусгаар тогтнол, аюулгүй байдал аяндаа хангагдана. Хойш харж чичирдэг, урагш харж агсардаг архаг гүн хордлогоосоо хэзээ салж, хоёр хөрштэйгөө адил тэгш харилцаж хэзээ сурна даа. Хэт ялгаатай ханддаг үзлээ бид засахгүй аваас алсдаа юунд хүрэх бол.

2017
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив