Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Монгол сэтгэхүйн цараа
2017 оны 4 сарын 3 [Уншсан тоо: 100100]

Нэг. Хардлага

Маний үед эх оронч үзлийг Зөвлөлтөд үнэнч, Хятадыг үзэн ядах хоёрхон  хатуу хэмжүүрээр оношилж байв. Энэ хоёр шалгуурын болзлыг хангах гэж эдүгээ хойш харж бялдуучлаад, урагш харж омогддог кадрууд тасрахгүй нь гээч. Тийм боловсон хүчнийг өндөр албанд дэвшүүлдэг дэглэм ардчилал зах зээлд нурсан байлтай. Хятадыг юу ч гэж доромжилсон Монголд одоохондоо оноо авч байна. Харин Оросод Хятадыг худал оливол баларна гэж мэд. Хоёр аварга хөрш маань ХХI зууны эрүүл ухаанаар харилцаад эхэлчихлээ.    

Дээрх хоёр хатуу хэмжүүрээр эх оронч үзлээ тогтоолгож, хэдэн жил хэлмэгдээд, ардчиллын үед цагаадаж, соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртсэн сэтгүүлч өвгөн Г.Жамъян агуулахад байсан метилийн спирт нууцаар уугаад гурав нь үхээд, бусад нь хордсон эмгэнэлт явдлын тухай бичихдээ, “Хятад эмэгтэй метилийн спирт оруулж ирээд,.. манайхан уучихсан. “Монголын хүнээсээ, газар нь үнэтэй” гэсэн бодлого яваад байгаагийн өчүүхэн илрэл энэ. “Монголыг цөөлөх”  бодлого яваад байгаагийн нэг сэжүүр энэ. Нэг “мангар” хятад эмэгтэйн санамсаргүй орхичихсон метилийн спирт гэж бодвол алдас болно... хэн авч уух нь вэ гэж хараад л сууцгааж... Үүний чинь цаана маш нарийн учир утга нуугдаж байгаа... Энэ бол төр засгийн эрхийг ээлжлэн барьж байгаа цөөн хэдэн хүн Монголыг том гүрний колони болгох гэсэн бодлого яваад байгаа юм” гэж сануулжээ. (“Зууны мэдээ” 2016-12-09). Өвгөд бидний сэтгэхүйн цараа ийм байна.

Ази тивийн мухарт, далайд гарцгүй, түгжигдмэл, хэр хэмжээгээр дэлхийн  аварга хотын томхон дүүргийн хүн ам, эдийн засагтай бяцхан Монголын сэтгүүлч нүүрс, зэс, төмрийн хүдэр, мах зэрэг валют олох жаахан экспортынхоо хаяа хатгасан ганц зах зээлийг хаалгаа түгжим хамрыг нь сөргөөжээ. Хүнийг нь цөөлөөд, нутгийг нь эзлэх гэж байна гэж хөршөө муулах настай хүний амнаас унах үг мөн үү. Муу үг хар мөртэй. Нүүрс зэс зэргээ борлуулах боломжтой хил залгаа ганц зах маань хатуурхвал бид хохирно. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг-БНХАУ-тай түншлэхээр эрдэс баялагтай орон бүр өрсөлдөж буй. Хил залгаа Монгол энэ боломжийг идэвхтэй ашиглавал өмнөд Сибирийн эдийн засагт муугаар нөлөөлнө гэж Думын гишүүд хүртэл мэдэгддэг. Энэ хандлагын зараалаар манай  зарим эрх баригчид нүүрс зөөх уурхайн төмөр замаа олон жил гацаасан нь өдгөө нийтэд ил дол болжээ.  

С.Жавзмаа: (“Өдрийн сонин” 2016-12-24). “Манай урд хөрш ЕБС-ийнхаа сурах бичигт Монгол Улс нь манай нэг муж гэж газрын зурагтаа нэгтгэж сурагчдадаа хичээл зааж байна... 17 аймгийн 28 цэг, Нийслэлийн 21 цэгт архи спирт үйлдвэрлэж, Хятадаас архинд донтуулдаг нэмэлт бодис оруулан ирж, архинд хольж, иргэдийг хохироосоор байна” гэжээ. Ийм өдөөн хатгалга өндөр настнуудаас л гараад байна. Сайн ч муу ч мөнхийн хөрш. Та бид юу удааж. Харин үр хүүхдэдээ л гай тариузай. Үйл нь ирсэн оготно муурын сахлаас зулгаана гэдэг. Хөгшчүүдийн ёс зүйгүй хардлага залууст маань аль хэдийнэ халдварлажээ.

Э.Алтанзаяа: (“Өдрийн сонин” 2017-03-29). Халуун тогоог хятадууд бодлогоор үйлдвэрлэж худалдаалаад байгаа юм биш биз... Манайхан үүнийг нь худалдан авч үр хүүхдээ насан туршийн эрэмдэг зэрэмдэг болгоод байх юм... Нялх балчир хүүхдүүд тод өнгөнд дуртай байдаг... халуун тогооны залгуур тод өнгөтэй болсныг юу гэж тайлбарлах вэ. Өнгөлөг юманд дуртай нялх амьтан тоглоом гэж хууртаад л өөр дээрээ халуун хоол асгана шүү дээ. Халуун тогоог хятадууд бодлогоор үйлдвэрлэж худалдаад байгаа юм биш биз. Э.Алтанзаяа бүсгүй минь ээ, халуун тогоонд хоол цай буцалж байхад дэргэд нь мөлхөж буй нялх үрсийн эх эцгийн нүдийг хятадууд таглаад боочихдог юм биш үү. Залуу хүн учраас та дутуу л хардаж байх шиг.

Хоёр. Гэрээ хэлцэл тойрсон цэцэрхэл        

Гадныхантай маш муу гэрээ хийлээ, тэгээд хожчих байсан, ингээд чадчих байсан гэж битүүхэн биеэ магтаад суугаа гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун хоёроор гэрээ хийлгэвэл гадныханд зальдууламгүй харагдах юм. Хэдэн зуу, мянган км-ын чанад цахилгаангүй, замгүй, усгүй бөглүү цөлд, газрын гүнд сураг төдий үнэт чулуу шороог олборлох, баяжуулах, тээвэрлэх, борлуулахад асар их хөрөнгө орох агаад унах ашиг эрсдэлтэй. Ийм адармаатай төсөлд хожоотой гэрээ хийж зөвхөн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун хоёр л чадна. Тэр хоёроор Оюу толгойн гэрээг хийлгэсэн бол алж өгөх байсан. Одоо Таван толгойн гэрээг тэр хоёроор ахлуулж, Шинхуа, Сумитомо хоёрын хандыг хага даруулаач. Дараа нь Алтай таван Богдын мөнх цаст оргил дахь Асгатын мөнгөний ордод шунасан хөрөнгөтнүүдийг нөгөө хоёроороо шулуулаач. Бусдад байхгүй эх оронч үзэл тэр хоёрт буцалж буй. Хар элэгтэнд мэхлүүлэхгүй суут ухаан тэр хоёрт тусгайлан заяасан нь цухалздаг. Хоёр гишүүн маань өөрсдийнхөө чадварыг хичнээн ч дөвийлгөөд төр засаг анзаарахгүй дүнхүүтнэ. Хоёр гишүүнийхээ эх оронч нөөцийг ашиглаад хямралаас гарч, өрнөөсөө салж, үсрэнгүй хөгжье.

Хоёр гишүүн ард түмнээ хожуулах хатуу нөхцөлөө гэрээнд тусгаж чадвал шүү дээ. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч тал манай хоёрын тулгадаг болзлыг зөвшөөрвөл гэсэн үг. Зөвшөөрүүлж чадахгүй бол бас л нэг төрлийн хоосон эх оронч хийрхэл болно. Харин тэр хоёрын өөрсдийгөө бүгдийн дээр тавьдаг их зан Ц.Нямдорж гишүүний сагсуурлаас арай аядуу, тооцоотой мэт харагддаг тул харанхуй маньд итгэл төрүүлдэг. Ямар ч гэрээг сайжруулж чадна гэж өөрийгөө магтах, нийт олонд таалагдаж, рейтинг өсөх сайн талтай ч дэд бүтэцгүй, газрын мухарт, хамтрагч талуудад адилхан ашигтай гэрээ хийх амны зоргоор бурснаар тохирдог хэлцэл биш болтой. Хоёр талын ашиг хаагуур огтлолцохыг тоон үзүүлэлт шийднэ. Хамгийн хялбар нь хөрөнгө оруулагчдыг зугттал өндөр тоо хэлэх. Хөрөнгө оруулагч нар зугтсанаар нөгөө хайртай ард түмэн чинь хожих уу?

Ордуудынхаа нөөцийг агуу гэж бид сагсуурахаас бус олборлоход ямар зардал гарахыг мэддэггүй. Зах зээлийн боловсролгүйгээс нөгөө талаа алдагдалд унах нөхцөл тулгахдаа гудийдаггүй. Амьдралгүй санал тавьж буйгаа ойлговол ямар ч тэнэг нэрэлхэнэ. Гэрээ хэлцэл хийх урлагт суралцах сан. Хуулийн орчин гэнэт яаж ч хувирах ид шидтэй. Г.Занданшатар гишүүний стратегийн хууль шиг хууль дахин гарвал гадныхан оруулсан валютаа сохор зоосгүй алдах аюултай. Тооцоотой хөрөнгө оруулагчид зугтдагийн шалтгаан энэ. Газрын мухарт ямар ч дэд бүтэцгүй, олборлоход маш их зардал шаардах бөгөөд цэвэр ашиг гарах нь бүрхэг төсөлд дэндүү чанга нөхцөл тулгаж хөрөнгө оруулагчдыг үргээдэг. Энэ “гавъяа”-гаа манай эх орончид дайснаа хөөж, дээдсийнхээ үлдээсэн онгон дагшин газар шороог сэвтээлгүй аварч чадлаа гэж онгирох агаад харанхуй мань тэднийг “жинхэнэ эх орончид” хэмээн өргөмжилж, УИХ-д дахин дахин сонгодог. Үр дагавар нь 3 сая хүн ам өрөнд улам унасаар. Байгалиа гэмтээлгүй ашигладаг технологийг монгол хүн эзэмшиж чадахгүй гэж үү. Онгон байгальд гараа бүү хүргэ гэх гээд байна уу эх орончид оо.

Бид хэдий нүүдэлчин ч гэлээ цаатан шиг амьдарч чадахгүй.  Монголчуудын нэг сая нь мал ахуйгаа эрчимжүүлээд, хоёр сая нь Азийн баруудын загвараар уралдах тэнхээтэй. Гуравхан сая хүнд нутаг дэвсгэр, ашигт малтмал, мал сүрэг дэндүү заяажээ. Лусын хишгээр баяжихад сэтгэх чадамж голлодог аж. Бидэнд бас хурд дутдаг. Язганатал хөдөлмөрлөж даруй хөгжье. Хөгжил ганцхан түлхүүртэй. Тэр нь хөдөлмөр. Залуус та нарын яриад буй “баялаг бүтээх бизнес” чинь УИХ-ын гишүүн, төрийн албан хаагч биш. Хөдөлмөр. Хүчээ нэгтгээч. Оюунаа шавхаач. Америк, герман, япон, солонгос, хятад технологиос сурах нээлттэй. Технологийн гайхамшгаас нь хүртээд, хөрөнгө оруулалтаар нь бэлжээд, өндийхийг хичээхгүй, түншлэх санаа өвөрлөж, дэд бүтэцгүй цөлд зориглож ирсэн гадны ховорхон бизнесменүүдийг юун түрүү цус сорогчоор цоллохоо урьтал болгох, монгол хаадын жудаг биш шүү, ХХI зууны эх орончид минь. Шулуулахыг хэн ч хүсээгүй. Намайг бүү мушгаарай. Муйхарлаад хожихгүй, арга эвээр л хожно гэх гэсэн юм би. 

Гурав. Тамирчин хөвгүүд охид ба эр эм гишүүд

Дэлхийн цараар хэмжвэл УИХ-ын 76 гишүүн, хэдэн бөх-охид хөвгүүдийнхээ хүрсэн түвшнээс мөн ч хол хоцорч дээ. Бөхчүүд минь дэлхийн шилдгүүдийг айлгаж  байна. Тэгэхэд 76-гийн маань чансаа дэлхийн парламентчдын хаана явна. Олонх цөөнхөд ээлжилснээр бодлого нь 180 градус эргэнэ. Энэ нь тодорхой онолгүйнх. “Дэд сайдууд хэрэггүй” гэж орилолдож асан цөөнх, олонх болохоороо “хэрэгтэй” гэнэ. Давхар дээлтэй байсан олонх, цөөнх болчихоороо “Давхар дээлтүүд ичиг ичиг” гэж шоолно. “Халамжийг хавтгайруулж, бэлэнчлэх сэтгэлгээг дэврүүлэхгүй” гэж ангалзаж байсан эрх баригчдын ам, ялагдаж сөрөг хүчин болмогц “Бүх хүүхдэд мөнгө өг. Эрх баригчид үр хүүхдээ ялгалаа” гэж нулимс мэлтэгнүүлнэ. Ах дүү хамаатан садан, хэтэвч нэгт нутаг нугийн татаасуудаа төрийн албанд чихсэнээр төсөв алдагдалд унасан. 76-уулаа татаастай тул цомхотгож чадахаа болиод дийлдгээр нь иргэдийнхээ татварыг нэмэв. Гудамж талбайгаар дүүрэн тамхи татсан хүмүүс. Хэрхэн хэрэгжүүлэх аргаа олоогүй байж тамхины хууль гаргаж, олон зуун саяыг цохчихсон гишүүд өрөөндөө тамхи татна. 76 гэж ийм л хүмүүс.

Шүглийн дууны завсар, нарийнхан дүрмээр ана мана тэмцэлдэн ялж буй охид хөвгүүд минь баргар нийгэмд сэтгэл сэргээдэг. Дэлхийд төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот тугаа мандуулдаг. Луйвар шүглэсэн сонгуульд ялмагц харанхуй гавалд нь “Би УИХ-ын гишүүн” гэж онгирох цахилгаан гялс хийдэг янзтай. Үүнийгээ нуудаг ч ил. “УИХ-ын гишүүн-намайг та нар муусайн яахымбэ” гээд гол судсаар нь өөдөө бөөн омог огшино. “Хулгай хийсэн ч халдашгүй байдлын дархан эрхтэй намайг хуулийнхны хоншоор дутаад шалгаж чадахгүй. Нүцгэн сайд нар огцруулна гээд гишүүн-надаас үхэтлээ айна. Давхар дээлтэйг ч огцруулах эрх надад бий. Ерөнхий сайд ч надад өчүүхэн харагдаж эхлэв. Чуулган дээр хэнийг ч яаж ч доромжилсон УИХ-ын гишүүн-би хариуцлага хүлээхгүй. Засгийн газрыг айлгах эрх надад бүрэн бий. Мега төслүүдийн гэрээг надаас асуулгүй шийдээд үзээрэй. Хохь чинь шүү. УИХ-ын гишүүн-намайг эргүүлэн татах гээд үз” гэж сагана.

Зарим нь биеэ магтаж сагсуурна. “Над шиг параламентч хаана байна. Би нэг номерынх. Намайг гүйцэх хуульч Монголд байхгүй” гэж эрээ цээргүй цамнана. Тэс хөндлөн ярьдаг аварга арслангуудтай. Алтантуяа нэрээ Алтанхуягаар солиод ерөнхий сайд болсон гэж дөвчгөнөдөг бөөтэй. Огцруулна гэж дэвхэцдэг удгантай. Яршиг зүгээр чуулганыхаа танхимд барилдаж, бөөлж, дуулбал сонгогчдын уур арай бага хүрэх сэн. Хүн ам нь иймэрхүү сэтгэхүйтэй бид, жолоодогчид нь та нар. Яалтай ч билээ.

Дөрөв. Эрдэмтэд гавлаараа баяждаг

Сайныг дуурайх мэдлэг дутвал эрдэмтдийн гавал аврах учиртай. Юм бүтээсэн ч, эс бүтээсэн ч тогтмол цалинтай 1000 эрдэмтнийг хоёр нийгэм дамнуулан тэжээж буй. Тэдний дийлэнх нийгмийн ухааных. Сар бүр цалин дээрээ нэмж 500 мянган төгрөгийн тэтгэмж хүртдэг 64 академичтай ч 70 сая мал маань өвчин эмгэгээр дэлхийд зартай. Малынхаа арьс, үс, ясыг боловсруулах үйлдвэргүй атлаа хятад ченжид хямд өгч шулуулахгүй гэх эх оронч адаар аашаар ганга жалганд хаяж ялзруулна. Тариа цавуулаггүй. Өнөө тавьсан замаа маргааш нөхнө.

Дуурайж чадвал олзны ам нээх гадны бэлэн туршлага уг нь эрдэмтэн нэртэй илүүдэл жинтэй даргамсгуудын хамар дор хэвтэж л байгаа. Монгол эрдэмтний патентээр үйлдвэрлэсэн бренд овойж оцойсон ашиг олсон билүү? Тийм бренд ганц байвал үзүүлээч. ХХI зууны доог болсон муу нүүрээ тахалъя. Олон улсын нийтлэг жишгээр оюунлаг эрдэмтэд баян бизнес эрхлэгчдэд мэдлэгээ зарж, хамгийн их орлоготой амьдардаг. Тэгж ажиллах боломж Монголд бий. Шинжлэх ухааны салбарт олонхиор асуудлыг шийддэггүй. Ухаалаг нээлт сэтгэсэн толгой цойлдог. Нээлт санал хураалтаар шалгардаггүй. Гавлаараа тэргүүлэгч сод ухаантан баяждаг. Эрдэмтдийг шинжлэх ухааны зах зээлийн өрсөлдөөн хурцалдаг. Буддаг бид яаж дуурайлаа. Тэр агуу амьдрах ухааныг ид шид, арга чарга, мэргэ төлөгт хувиргаж, мухар сүсэгтнийг хуурч мөлждөг луйвар болгосон. Ардчилал, зах зээлийг монголчууд авилга болгож гутаав. Хөгшид бидний бэлтгэн үлдээж буй залгамж үе санаанд хүрэхгүй байна. Үүний гол буруутан нь үр хүүхдээ оюунлаг хүчирхэг иргэд болгон хүмүүжүүлж чадаагүй өнгөрсөн нийгмийн бид гэж өөртөө гутраад л нүд анья даа.

Оросоос тусламж гуйж аман дээрээ алгадуулсан спикер маань Японоос 850 саяын нэн хөнгөлттэй зээл зуугаад ирж. Энэтхэгийн тэрбумын шугам нээлттэй. Цаана нь хөрш Хятад Солонгос байна. Хүүхдүүд та нарт ирээдүй бий. Хөрсөн дор арваад их наяд долларын баялаг оршиж буй нь үлгэр биш. Энэ их баялгийг донор орнууд зээл өгөхдөө МАН, АН хоёроос илүүд үзнэ. Араншинг нь таниагүй зах зээлд хөл тавиад гэнэдлээ алдлаа. Өмнөх бондуудаас асгаж алдснаа сургамж болгоод, одоо энэ их зээлээ зөвхөн үржих боломжтой төслүүдэд зарахаас өөр сонголт хоёр гол намд байхгүй. Ард түмний хатуу хяналт дор хумслагч нарын хурууг тас цавч. Өрөө өндөр хүүтэй өрөөр дарснаа хөөр бах болгон намаа магтах онцгүйтэй адил, сөрөг нам аргагүйдлыг дөрөөлж улстөр хийгээд улаан мөнгөний ашиг гарахгүй. Эцэг эхдээ төрсөн ах дүү хоёр бие биеэ муулах мэт хоёр гол нам ард түмэндээ бие биеэ хичнээн муулаад баялаг арвижиж, өр дундрахгүй.

Эрдэнэтийг 100 хувь хуу нийгэмчлээд, шахааны загалмайлсан ах нарынхаа жимээр бараа шахаж, сонгуульд зарлагдсан их өрөө хаахаар хорхойсож асан шинэ гишүүд 850 сая долларын зээл хараад алгаа үрж суугаа. Дахин сонгогдоо ч билүү, яагаа ч билээ, аз гийсэн дөрвөн жилдээ АН-ынхнаас дутахгүй амиа борлуулъя гэх гишүүд мундахгүй. Монгол хүний яс чанар тийм. МАН-ынхан АН-ынхны алдааг жигшдэгээ хөгжил болгохын тулд өөрсдөө тэдний алдаанаас зайлж чаддагаа эрх барих дөрвөн жилдээ яруу тод үзүүлэх л үлдлээ. УИХ-ын 65-даа амжилт хүсье. Та нарын амжилт-иргэн бүрийн сайн сайхан билээ.               
                                                                                                                    2017





"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив