Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Чөтгөрийн хар хайрцаг
2017 оны 5 сарын 11 [Уншсан тоо: 47096]

(фельетон)

Адгийн бүдүүлэг нүүдэлчин Монгол эрдэс баялгаар арвин гэнэ хөөе. Бурхан тэнэгүүдэд гайхамшиг хайрласанд Чөтгөр миний шээс гоожиж буй. Тэр ч байтугай Монголын ашигт малтмалын ордууд дэлхийн хамгийн том хэрэглэгч-зах зээлтэй хаяа дэрлэн оршдогоос төв азийн энэ мал шиг ард түмэнд түвэггүй хөгжих боломж бодитой нүүрлэв. Коксжих нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт, ховор элемент, занарын экспортоор муу Монгол өрсөлдөх гэнэ. 60-70 сая мал сүрэг нь хүний арчилгаа авахгүй шахам, бэлчээрээр өсөх гайхам чадвартай. Яг л аргаль, янгир, зээр,  тахь, хавтгай шигээ. Энэ чинь зардал гарахгүй сул олз. 3-хан сая хүн амаа элбэг хангах үр тариа, төмс, хүнсний ногоо тариалах үржил шимт талбай нүд алдам цэлийнэ. Бурхан залхуу монголчуудыг яаж даврааж буй нь энэ вэ. Чөтгөрт Монгол улс таалагдахаа болив. 

Монголын хөгжлийг хэрхэн чөдөрлөх вэ? Тэр амархан. Яаж? Найдах оньс ганцхан. Тэр нь монголчуудын оюуны хомсдол. Хичнээн баялагтай байгаад ухаан хомсдолтой бол яадгийг үзэг. Башир аргыг ялуулдаг хөгжөөн дэмжигчид нь хэн бэ гэвэл оюуны хомсдолтой масс. Сэтгэх хомсдол заль мэхийг өөхшүүлдэг. Тэнэг тархи хомсдолтой аваас шулаачийн боол болох зам шулууддаг. Оюуны хомсдол уг нь эмгэг бус оюуны “хоцрогдол” юм. Цааш “хомсдол” гэж бичье. Хөдөлгөөн дутвал булчин сулардаг, сэтгэмж дутвал тархи үхэждэг. Монголын хөгжлийг гацаадаг “үнэт зүйлс” нь үхэжсэн тархинууд. Хоорондоо хэрэлдэж зодолдоод том төслүүдээ гацаадаг ертөнцийн ганц ид шид бол оюуны хомсдол. Энэ дутагдал Монголд хангалттай. Хамгийн урт хиллэдэг хөршийнхөө үсрэнгүй хөгжлөөс юм олж долоохгүй ядуурах, тархины хомсдол. Хомсдолтой хүмүүсийг инээдэмтэй суртлаар айлгах амархан. Гавал нь ажиллагаагүй хүмүүнийг чөтгөрт мөргүүлж, бурхныг үзэн  ядуулахад түвэггүй. Энэ бол Чөтгөрийн хар хайрцагны бодлого.  

Эрчим хүчний эх үүсвэр бүү бариул. Нүүрсээр баян Монгол цахилгаанаа өөрсдөө хангачихвал гаднаас импортлохгүй хэмээн бие даагаад, үгэнд орохгүй томорчихно. Харин импортын эрчим хүчээ нэм гэж сүрдүүл. Хомсдолтой толгойнууд аймхай байдаг тул дуулгавартай дохилзоно. Нүүрс угаах, шингэрүүлэх, хий гаргах технологийг алсын далд удирдлагаар хаа. Нар, салхи, усны эко эрчим хүчний тухай маанагууд сонссон байж таарна. УЦС дэлхийд бол хоргүй, Монголд бол хортой гэж ятга. Ялгааг малын тархитангууд олохгүй төөрнө. Нефть нэрэх үйлдвэрийн төслийг нь бас зогсоо. Нефть үйлдвэрийн шааранд монгол хүн мал хордож, хиарна гэж ухуул. “Та нарыг устгаад нутгийг чинь эзлэх дайсны санаа” гэж шордоход ухааны хомсдолтой дүнхүү монголчууд цочирдож, шууд үнэмшинэ. Шатахуун, эрчим хүчний хараат байдалд байнга уяхад хомсдолтой тархи маш тохиромжтой. Харин унтаж буй тархи сэрвэл, мэхлэгдсэнээ мэдээд эсэргүүцнэ. Ой ухааны олон улсын тэмцээнд монгол хүүхэд залуус түрүүлж буй нь, тэдний уураг тархи хэвийн ажиллаад эхэлбэл хар хайрцагны бодлого нурах ойрхныг хэлэв. Монголчуудын оюуны хомсдол төрөлхийн бус нь нотлогдлоо. Мал сүрэг нь бие дааж аяндаа үржээд, монгол хүн малаа хариулах, нүүж оторлох зэрэг борон торон хэдхэн ажлаас өөр тархиа шавхах хэрэгцээ гарсангүй. Назгай, амар амгалан толгой ХХ-ХХI зууны ад зэтгэрт айхтар хууртжээ. Өдгөө хаширсан монгол толгойг өөр аргаар эзэгнэх шаардлага хар хайрцагт тулгарав.    

Баярхаад буй эрдэс баялгаа асар ихээр, хямд тээвэрлэх төмөр зам тавих сэхүүн санааг нь мохоо. Төмөр зам тавивал танк их буугаа ачаад ороод ирнэ гэдэг онигой хуучирсан. Одоо Ухаа худаг-Гашуун сухайтын уурхайн 267 км төмөр замыг гацаахын тулд зэрэг зэрэг олон төмөр зам ийш тийш нь тавина гэж мангартуул. Оюун нь хомсдолтой мулгуу монголчууд үүнд итгээд “олон төмөр замтай болох нь” гэж хөөрцөглөнө. Эцэст нь ганц алд төмөр зам тавилгүй, нүүрсээ үүрээд алцганаг. Хар хайрцагны зарчим ийм. Төмөр замаар их хэмжээний баялаг Номхон далайн боомт хүртэл зөөвөл Монгол огцом сэргэнэ. Мөнгөжвөл оюуны хомсдол илаарших эрсдэлтэй. Тиймээс монголчуудыг бүү мөнгөжүүл. Эдийн засгийг нь дорвитой өсгөх мега төсөл бүрийг нь царцаа. Чөтгөрийн политикийг монголчууд Бурхны сургаал гэж биширдэг. Энэ нууц тайлагдахаас сэрэмжилсэн мэхээ хар хайрцаг ямагт шинэчилдэг. Монгол хүний оюуны хомсдолыг сэдрээх хэрэгтэй. Шинжлэх ухаанд тулгуурласан суртал гэхээсээ, мухар сүсгээр монголчуудын оюуны хомсдолыг сэдрээх боломжийг Чөтгөр хайх болов.  
 
Монголчуудын оюуны хоцрогдол арилах ёсгүй. Харанхуй тархи гэгээрвэл Чөтгөрт хүндрэл үүснэ. Гэхдээ хомс ухаан авилгад нугасгүй нь Чөтгөрийн гол түшиг. Ард түмэн нь хүртэхээр нүүрлэсэн асар их орлогыг хээл хахууль авсан оюуны хомсдолтой монгол лидер хаах арга сийлэхдээ гаргууд. Хомс ухаанд тийм чадвар нуугдаж үлдсэнд алга ташъя. Чөтгөрийн нөлөө энэ буурай оронд тууштай хадаглагдах ирээдүй Ерөнхийлөгчийн сонгуулиар баталгаажих учиртай. Чөтгөрийн сунтаг шүүлтээр Ерөнхийлөгчийг нь тодруулна. Оюуны хоцрогдол Монгол улсыг олон арван жил удирдана гэдэгт Чөтгөр эргэлздэггүй. Огт оюун ухаангүй хүмүүс бол Төр засгийн эрхэнд гармагц гэр бүл, үр хүүхэд, ах дүү, хамаатан садангаараа баяжаад, хуримтлалаа оффшорт байршуулж дөнгөхгүй. Улсаа хөгжүүлэх билэг оюунгүй атлаа өөрөө баяжих жижигхэн гавалтай нөлөө бүхий монголчуудыг Чөтгөр гар хурууныхаа үзүүрт ашигладаг нь нууц биш. Тэдэнд тавьдаг шаардлага ганцхан. Тэр нь шунал. Оюуны хомсдол дээр нэмэх нь шунал гэж хар хайрцаг тооцож буй.

Чөтгөрийн нүдээр харахад Монгол дампуурахдаа тулжээ. “Хөөрхий Монгол балрах нь” гээд том төслүүдийг нь хөдөлгөж, хэрхэвч болохгүй гэх бодлого Чөтгөр, чөтгөрийнхөө араншингаар цаашид хатуу баримтална. Түүхий эдийн экспортоосоо унасан жаахан ашгийг шатахуун, эрчим хүчний импортод залгиулаад хоосон хоцорч л байг. Тэгэх тусам тэнхээгүй орныг хянах нөхцөл бүрдэнэ. Үйлдвэр, бүтээн байгуулалт, жижиг дунд бизнесээ дэмжих мөнгөгүй төр засаг нь гуйлга гуйгаад муухай царайлж л сууг. Энэ нь Чөтгөрийн нөлөөнд улам автах үзүүлэлт. Дэд бүтцийн ямар ч өвгүй нүцгэн тал, тэр чигтээ, хэвээр оршиг. Газар дор 2-3 км-ын гүнд орших ашигт малтмалаа ухаж аваад панз үсэргэе гэхэд төмөр хүрз импортолдог улс. “Лай ч байна, зай ч байна” хэмээн Чөтгөр олзуурхав. Түүний хар хайрцагны бодлого өд мөддөө нугаршгүй цартай. Чөтгөр бол Чөтгөр шүү дээ.

...Далан жил дээвэргүй шоронд түгжигдсэн даржин эдийн засагтай, цөөхөн хүнтэй хоцрогдсон Монгол хөгжөөсөй гэж даян дэлхий дэмжиж ахуйд, дэмжих нь  бүү хэл, хорлох санаа өвөрлөсөн хар хүч-мафи огт байхгүй бус, байж магадгүйг монгол оюун ухаан цэнэж яв хэмээн сануулав. Хэт хардсан аваас сануулгыг минь үл тоогоод, ор тас мартаарай.
                                                                                                    
2017-05-08





"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив