Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Гацааг давах Ерөнхийлөгч хэний хэн бэ
2017 оны 6 сарын 22 [Уншсан тоо: 20363]
Мөнгө олох олон үлгэр дунд үлгэр биш ганцхан бодит төсөл бий. Тэр нь Таван толгой-Гашуун сухайтын 267 км төмөр зам. Энэ төслийг хувийн компани тендерээр аваад 2012 онд ашиглалтад оруулахаар шамдан зүтгэтэл гадны хатгаас, Засгийн сүрээр сайд Женко эз дийлж эзэгнээд замхруулсан. Хувийн компани 60 сая долларын алдагдалд унасан ч гадны сүр хүч, намынхаа өвдөг дор нурнайгаад дуугарч чадалгүй хохирчээ. Бидний мөрөөдөөд буй үндэсний компаний хийморь лундаа энэ мөн үү? Хамгийн гол нь тэдний хохирлын араас сан хөмрөг нь хувхайрсан Монгол гаднаас зээл авч өрөнд унаж эхэлсэн.

2012 оноос төмөр замтай болсон бол коксжих нүүрсээ хаяа нийлсэн дэлхийн хамгийн том зах зээлд 5 жил чадлаараа гаргаад бузгай зоос өвөртлөх байв. Ийм бэлэн олзноос ХХI зууны монгол гавал зугтсан гэвэл хэн ч итгэхгүй. Яасан бэ гэвэл АН-ын дарга асан З.Энхболд эн түрүү ашгаа өгөх 267 км замыг гацаасан. Таван толгойн төслийг УИХ-ын 76 гишүүн сайжруулан батлахаас айж, замд нь тас цохьсон. Тэдний тарьсан балаг өдгөө сонгогч таны ой санамжид хуучирч бүдгэрсэн бол сонинуудад бий. Сонголт хийхийн өмнө шохоорхоход гэмгүй. Тэр гэрээний ноорог эх орноо үнэхээр худалдсан бол ингэж тэгж худалдсан гээд чуулганаар 76 талаас нь илчлээд олон нийтэд шившиглэхээс З.Энхболд татгалзана гэж үү? Эх орноо худалдсан урвалтыг яагаад нуув. Энэ огт худал шүү дээ. Төмөр замгүйгээс мянган авто машины тээврийн зардалд олон жил, олон тэрбумаа алдсан гэж эрдэмтэд сануулдаг. Төмөр замаар зөөх нүүрс 10-20 сая тонноор өсөх агаад тээврийн зардал 70 хувь буурч, унах цэвэр ашиг гуравхан сая хүн амын бяцхан эдийн засгийг өндийлгөх байлаа.

“Нүүрс зөөх уурхайн төмөр зам бүү тавиул” гэсэн даалгавар Монголын чухал сайд нарт өгсөнийг өдөр тутмын “Коммерсант” сонин, “РИА Новости” агентлаг, www.asiarussia.ru гэх мэт ОХУ-ын буйртай хэвлэл мэдээллээр нээлттэй цацсан. Сайд-гишүүн асан Х.Баттулгын нэр онцгой дурдагддаг. ОХУ-ын энэ мэдээг уншсан монгол надаас эхлээд цөөнгүй. Орос ахынхаа тушаалыг нуухын хамт, хэрэгжүүлэх гэж манай Төр Засаг мунгинасны дээр, хүн амынхаа тархийг угаах санаатай хөөрхөн мулгуутсан даа. Мөнгөөр даржин Монголд дав даруй бэлжих төсөл-267 км төмөр зам байсныг дахин сануулъя. Гэтэл энэ төслийг хэрхэн гацаав? Саяхны түүх сонирхъё:

Эхлээд бидэнд таарсан хөгийн онигоо зохиож, цаг хожих комбинац хэрэглэв. Танк их буу гэх онигоо үр дүнгээ гялалзтал өгч эхэллээ. “Хятадын аюул” гэх үзлийг өнгөрсөн зуунд бидний тархинд хэрхэн шингээснийг “танк их буу” онигооны амжилт илчлэв. Гэвч монголчууд хэдий дүнхүү ч гэлээ онигоо юмсан хойно танк их буугаар айлгах заль тэгсгээд дампуурсан. Охорхон заль өөрөө онигоо болов. Аварга даацын мянган самосвалиар олон жил онгон талаа там болтол эвдэж, тээвэрлэсэн нүүрснээсээ олсон орлогын ихэнхийг 1000 жолоочийн цалин, шатахуун, сэлбэг, засварт залгиулсан нь онигооны ид шид. Хүнд даацын мянган машины “хөл”-д сүйрсэн экологи, зам засварт зарсан хөрөнгө, осол аваарт үрэгдсэн амь цөм тэнэг онигооны гай.

“Танк их буу” онигоогоо баяртай гэж үдээд өмнөд хязгаарт Хятадын хилд тулгуу орших Таван толгойн нүүрсийг 5000 км тойруу транссибирийн төмөр зам, хөлддөг боомтоор Солонгос, Японд хүргэнэ гэх үлгэр зохиож, нөгөө 267 км-ээ хэдэн жил гацааж цаг хожлоо. Тээврийн энэ мангуу төсөл Дэлхийн банк, Сэргээн босголт, хөгжлийн банкыг гайхшруулав. Өртөг нь Тяньжин хүрэхээс 2-3 дахин их аж. “Таван толгойг транссибирьтэй холбох 1000 км өргөн төмөр зам тавь” гэхэд манай эрх баригчид 267 км-ийг тавих мөнгөгүй атлаа айсандаа “За” гэж амлаад, хэлсэн үгнээсээ буцдаг дэлхийн хамгийн найдваргүй түнш гэж орос ахаараа даян дэлхийд хочлуулав. Якунины энэ комбинац 267 км-ийг овоо хугацаанд зогсоож дөнгөсөн агаад ОХУ энэ зуур нүүрсээ БНХАУ-д эрчимтэй экспортолсон.

Якунины гацаа явцгүй болмогц 267 км-ийг гацаахын тулд Ухаа худаг-Сайншанд, Сайншанд-Дорнот, Зүүн баян-Ханги, Бичигт-Хөөт, Шивээ хүрэн-Нарийн сухайт, Арцсуурь-Овоот-Эрдэнэт гэх мэт олон төмөр зам нэгэн зэрэг барих амлалт МАН өгч хэдэн жилийг үдэхээр төлөвлөв. Аль нь ч бүтэхгүй шүү дээ. Гэхдээ гол зорилго биелнэ. Гол зорилго гэдэг нь Монголын мөнгө олох ганц боломж-Таван толгойн коксжих нүүрс зөөх 267 км уурхайн төмөр замын төслийг унтуулахад оршино. Дээрх олон төмөр замын төсөл бүгд ашиглалтад ортол 267 км төмөр замын төсөл сэрэхгүй. Тувагийн нүүрсийг өмнөд хөршид экспортолж ханатал нойрсоно гэвэл 267 км төмөр замын тухай бодоод ч хэрэггүй. Чадаж байгаа биз.
 
Эцэст нь нийгмийн эсэргүүцэлд шаагдаад Таван толгой-Гашуун сухайтын 267 км төмөр замын ажлыг эхэлсэн дүр үзүүлэхдээ далангийн овоолгыг Хятадын төмөр замтай уулзахааргүй зөрүүлчихэж байгаа юм. Сансарын хөлгүүд огторгуйд уулздаг бол Монголын төмөр зам уулзах ёстой төмөр замынхаа үзүүрийг олохгүй ээрэм говьд төөрчээ. Гэвч уулзах үзүүр зөрсөн гэх өчиг явцгүй. Өөр гацаа хайв.
 
МАН 267 км-ийг царцаахаар Тувагаас Эрдэнэт хүртэл Хөвсгөл Булганы хөвч тайг дундуур, Сэлэнгэ Орхоны салаа салбар дээгүүр төмөр зам сүнгэнүүлж, орос ахынхаа нүүрсийг Таван толгойн кокжих нүүрс ачсан мянган машины 90 км урт цувааны урдуур өмнөд хөршийн зах зээлд хүргэж, транзит тээврээр оцойсон олз олох гэнэ. Гэтэл нүүрсээ мянган машинаар зөөж, тээврийн зардалд алдаж буй олон зуун сая долларын дэргэд транзит тээврээс унах ашиг нулимс аж. Тувагийн коксжих нүүрсийг БНХАУ руу жилд олон сая тонныг тээх галт тэрэгний цуваанууд буцахдаа манайхаас эсгий таамчиг ачих боломжтой ч ОХУ-ын гаалийн татвар 30-40 хувь өндөр тул эсгий улавчны наймаа шатна. Янзтай бизнес ухаан шүү. 267 км төмөр зам тавиад кокжих нүүрсээ гадны захад гаргах мөнгөгүй атлаа Хөвсгөлийн хязгаар дахь Овоотын нүүрсийг тээвэрлэх төмөр зам тавьж эхэлсэнд гайхаж байна уу? Гайхах хэрэггүй. Нөгөө л 267-г гацаах шинэ арга. 267 км-ийг гацаах гэж яагаад ингэж улайраад байна гэвэл энэ төмөр зам Монголыг өөд татах юм. Эрчим хүчний импортод хамаг валютаа сэгсэрдэг атлаа Улаанбаатар-Мандал говь-Таван толгой-Оюу толгой, цааш Хятадад гарах цахилгаан дамжуулах шугам МАН тавьж эхлэв. Энэ шугамаар хэний эрчим хүч хэдэн жил урсах нь тодорхой. Энэ бүгд Монголыг чадамжгүй үхээнц байлгах геополитик. Монголд улсаа хөгжүүлэх нам ч алга, хүн ч алга. Цахилгааны шугам манайд амин чухал. Гэвч дамжуулах эрчим хүчгүй бидэнд 267 км замын дараа хийх ажил.

Эрдэс, түүхий эд шингээх ходоодоор дэлхийд нэгд эрэмбэлэгдэх аварга захын хажууд орших орд маань төмөр замтай бол тээврийн хямд зардлаар асар их нүүрс экспортолж, олох цэвэр ашиг гялалзах азхүү буурай Монголд тохиожээ. Гэтэл нүүрсний экспортоор өрсөлдөгч маань манай нүүрс зөөх 267 км төмөр замыг хэрхэвч зөвшөөрөхгүй гэж зогсоогоод буй түүх ердөө энэ. Манайд орох ашгийг хаагаад ар хударгаар нь хожих харь бодлоготой АН хүч хавсарсанд эмзэглэх буруу гэж үү? Ардчиллын оюунлаг анхдагч нар намаа аюултай хүмүүсийн гарт оров гэж халагладаг. 267 км төмөр замыг гацаах тархи угаалтын (дээр дурдсан) хэдэн марзан хувилбарыг би бээр хөндөхөөс бус, энэ төмөр замын бүтээн байгуулалтаас олон сая доллар завшсан хулгай бол хуулийнхны тогтоох үүрэг учраас хувь хүн үзлээ илэрхийлэх зохимжгүй. Ноцтой баримт бичдэг сонин, ярьдаг хүн олон.

Ийм нөхцөлд ямар Ерөнхийлөгч өгөөжтэй вэ? Эн түрүү мөнгө олох Таван толгойгоо төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, ДЦС-тай нь хөдөлгөх Ерөнхийлөгч ус агаар мэт чухал байна. Оростой хавсайдаж гацаахдаа гарамгай Женког сонгох уу?.. С.Ганбаатарын хувьд гадныханд зарцлагдан том төслүүдээ гацаахгүй залуу. Ерөнхийлөгч болбол түүнд УИХ, засгийн газарт тоож нааш харах гишүүн, сайд олдохгүй ганцаардах эрсдэл их. Ганц Баасанхүү нь гар нийлж ажиллана гэхэд эргэлзээтэй. Банан ухаан, буйртай зан авирын хувьд төрийн жолоо атгуулахад хэр эсэхийг сонгогч тунгаана буй зээ. Төрийн жолоо, замын индүүний жолоо биш.

Нэр дэвшигч гурваас М.Энхболдод том төслүүдээ хөдөлгөх хүсэл байвал боломж давуу бий. Түүний ард дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг 65 гишүүнтэй УИХ, шинэлэг бодлоготой Ерөнхий сайд, нэг намын нэг чигт харсан Засгийн газар байна. Хувь хүн, нөгөө хоёроосоо хүлээцтэй, боловсрол туршлагаар илүү. Уриа нь гацаагч биш, гарц олохын төлөө. Дээрх үндэслэлээр М.Энхболд нь арай дээр гэх нэгэн байна. 90 оноос хойшхи бүх сонгуульд би АН-д саналаа өгч, Монгол ардчилал зах зээлээр баяжсан ур чадвараа дэлхийд харуулаасай гэж өчнөөн мөрөөдөл бичсэн. АН-ын удирдлагад бүр цөхрөв. Орлогын анхны эх үүсвэр-Таван толгойгоо түргэлэх Ерөнхийлөгч байна уу?! 90 км цуваанд урсаж буй цаг мөч бүр валют. Цуваа хэдэн жил жагсаж буйг бид үглээд л байгаа.

Бөмбөрцгийн баруун зүүн бөөрнөөс том жижиг улс гүрнүүд далай, эх газрыг чамгүй хөрөнгөөр туулан тэмүүлж буй-дэлхийн аварга зах зээлийн хажууд коксжих нүүрсээр энгүй арвин Таван толгой орд минь оршиж байдаг. Бидэнд заяасан энэ ховорхон боломжийг гаднаас судалчихаад олон жил гацаав. Төмөр замаас гадна дотооддоо нефть, эрчим хүчээ хангах санааг гацаадаг. Гацаа хойшид ч сулрахгүй цартай. Төмөр зам, эрчим хүч, шатахуун гэсэн гурван гацааг төр засагт үнэлэхүй олонх болсон МАН давъя гэвэл уг нь давна. Чонотой нөхцөж өвдөл цөвдөл үмхдэг хоточ банхрыг өшиглөх тэнхээ МАН-д сонгогчид олгосон. Олон төсөл зэрэгцүүлж хөрөнгө хүчээ тарамдуулалгүй юун түрүү ядаж ганц энэ замыг ашиглалтад оруулаад, хомсдолоос гарах мөнгө олъё гэвэл МАН-д тэнхээ бүрдсэн. Ингэж чадах улс төрийн хүчин бол 65 суудалтай МАН. Буурай Монголын мега төслүүд хөдлөх эцсийн найдвар бол Төр Засагтай нэг бодолтой Ерөнхийлөгч дэм болно. Нам мамаа түр хойш тавьж, Таван толгойгоо дав даруй хөдөлгөөд мөнгөний урсгал тэндээс үүсмэгц хуримтлал бий болгоод, Эгийн УЦС, нефть нэрэх үйлдвэр, ДЦС-V гээд зүтгэх ирээдүй хичнээн гэгээтэй вэ. Олон төсөлд самгардах юу ч үгүй хоосон хоцордгоос сургамж авч цувруулаад нэг нэгээр нь дэс дараалан бүтээ. Мөнгийг зээлээр бус хөдөлмөр, оюунаар олдог болъё. Баялаг байна, байршил дажгүй. Гагцхүү эзэн хүний ухаан л шийднэ дээ шинэ Ерөнхийлөгч минь.

2017-06-21

Жич: Соёлтой орны иргэд сонгуулийнхаа саналын хуудсыг гараар тоолдог. Тэд амьдралынхаа бүх хүрээнд хуулиа чанд мөрдөөд хэвшчихсэн иргэд. Монголчууд саналын хуудсаа гараар тоолбол бөхийн барилдаан шигээ булхайцаж, гудамжны дүрэм шигээ зөрчиж, нус цэрээ нулимдаг шигээ завааруулна.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив