Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Томсгосон Тува
2017 оны 8 сарын 24 [Уншсан тоо: 30884]
   
Гудманд шүлсээ нулимж буй этгээдэд шаардлага тавиад үз. Шившиг болно. Шаардлага тавьсан чамайг өмөөрөх зоригтон нэг ч гарахгүй. Тэдэнд шаардлага тавих иргэн гарахгүй байгаа нь ялагдахаа мэдээд тэр. Уг нь торгох хуультай шүү дээ. Энэ мэт хориглосон жижиг том заалтыг нийтээрээ тоохгүй зөрчдөг. Бүгд зөрчдөг тул бие биендээ шаардлага тавих эрхгүй болчихсон. Зөрчил нь хэвшил болоод биелүүлэхийг шаардсан иргэн ад үзэгддэг.

2000 онд МХЗЭ-ийн ТХ-ны дарга агсан нутгийн дүү Ц.Нарангэрэлд,

-Дүү минь чи хувийн компани гэж муухай царайлж явснаас, танай нам үнэлэхүй олонх болчихлоо, сайд дарга болохгүй яасан юм залуу байж. Эвлэлийн Төв Хорооны дарга, аймгийн намын хорооны дарга явсан чамд удирдах ажлын туршлага байгаа.  Чи бол чадна даа гэж үг өдсөн юм. Тэр бээр,

-Ах минь сайд болоход намдаа 40-50 саяыг хандивлах жишиг тогтсон юм байна. Тэгж сайд болсноос тэр мөнгөөрөө бизнес оролдсон нь нэрэнд цэвэр юм гэж билээ. 2000 онд 40-50 сая их мөнгө байв.

Албан тушаалд мөнгөөр очдог жишиг яг л гудманд шүлсээ хаядагтай адил хавтгайрч, шаардлага тавибал ад үзэгддэг болсон. Бүгд л шүлсээ хаяж явдаг. Бүгд л мөнгөөр албан тушаалд очно. Үүнийг хэн ч тоохоо болиод зөрчил бус хэвийн үзэгдэл гээд эвлэрсэн. Мөнгөөр албанд хүрдэг тохиролцоо миний мэдэхийн лав л 17 жилийн тэртээгээс эрчимжсэн болтой. Мөнгөгүй хүн ажил олох хэцүү нөхцөл үүссэн. МАХН, МАН-аас энэ авилга угшилтай гэх авч АН дутаагүй.

Ингээд намууд хэн нь хэнийгээ хэлэхэв гээд найзан дундаа албан тушаал зарж бэлжээд явж байтал гэнэт АН-ынхан итгэл эвдэж, чандалж нуулгүй хэд хэдэн семинараар хэлэлцсэн мөнгө босгох санхүүгийн схемийг маск Доржзодовоор монтажлуулан цацав. Төрийн албыг зарах луйвар АН-ын эх оронч тархинд хурц харшил өгч, гутамшигт бичлэгт цочирдсон ардчилагчид тэмцэлд уриалав. Уг нь 2000 онд нийгмээс холдож гэртээ суусан тэтгэврийн өвгөний чихийг 17 жилийн өмнө дэлссэн авилгын сүлжээ шүү дээ. УИХ-д үсээ цайтал суусан Ж.Энхбаяр мөнгөөр албан тушаалд очдог явдал байдгийг сонсоо ч үгүй өдий хүрсэн нь юу хийж явсан гишүүн бэ гэмээр. Олонх болсон нам албан тушаалыг мөнгөөр зарж санхүүждэг булхай хэвшил болсныг дээр бичсэн. Бүр нууж хаахаа ч болиод ил задгай цагаандаа гарч хавтгайрсан, хоёр намын хамгийн цэвэр хулгай нь юм хөөрхий. 90 жил дийлдэж үзээгүй егзөр нам муухай хийцлүүлэв ээ.

Намын дарга, ерөнхий сайд, сайд болохын төлөө тайван сууж чадахаа больсон бөөн өвчнүүд намаа хазайсан тийш түлхэв. Үгүй тэр Ц.Нямдоржийн 60 тэрбумыг дөрөөлөөд телевизийн дэлгэцэнд жүжиглэж буйг хараач. Яасан шударга, яасан том гар вэ. Тэр бээр “Нэг хоёрдугаар хүн Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх хоёрын зөрчилдөж байгаа шившиг ертөнцөд гараагүй” гэж мэдэмхийрч хямсагнав. Ертөнц гэж донгосохоо больё, Ю.Цэдэнбал хоёрдугаар хүн Д.Дамбыгаа яаж цөллөө. Хоёрдугаар хүн Л.Цэндийг яаж тамлалаа. Насаараа цөлөгдөх гэм буруу гэх юм тэр хоёроос одоог хүртэл олдоогүй шүү дээ Ц.Нямдорж гуай. Таны хэллэгээр хоёрдугаар хүн У.Хүрэлсүх нэгдүгээр суудлыг булаах гэхэд нэгдүгээр хүн суудлаа бага, их хурлын шийдвэрээр өгнө гэснээс болж хэрүүл дэгдсэн. Хоёрдугаар хүн нэгдүгээр сэнтийг булаах гэж довтлоогүй бол төр засаг тогтвортой ажиллах байж. Эндээс хэрүүл хэнээс үүсэлтэй нь харагдаж буй. Нэгдүгээр хүн хоёрдугаар сандалд буух гэж дурлаж зодоон эхлээгүй нь лав.    

Хулгай илрэхэд би баярладаг. Гэвч илрүүлж буй хулгайч нь чихдүүлж буй хулгайчаасаа аюултай хулгайч бол гүйцэд баярлаж болдоггүй юм байна. Хулгайг шударга хүч илрүүлбэл баярладаг аж. Намын санхүүгийн схем шүлс хаяхтай дүйх болоод 20 гаруй жил налгар сайхан “хөгжсөн” Монголд Ленинээс үүсэлтэй дийлдэшгүй МАХН буюу (одоогийн МАН)-ын толгойг Доржзодов гэгч багтай дээрэмчин залгих төөрөгтэй байв уу. АН хорин гаруй жил үзэлцээд сөхрүүлээгүй намыг Доржзодов гэгч үхтэл нясалчихвал би бас л гүйцэд баярлахгүй хүн аж.

Төрийн албыг зардагтаа ч бус, 60 тэрбумдаа ч бус. Энэ бол намын дарга, ерөнхий сайд, сайд болох гэж тэмцэгчдийн довтолгоо манараад буй юм. Намын даргын сэнтий нэг, ерөнхий сайдын сэнтий нэг, сайд, орлогч сайд, төрийн н\б дарга, агентлагуудын суудлыг зад нэмээд ч хязгаартай. Тэмцэгчид Засгийн газар бүрэлдэхэд сэнтийгүй хоцорсон хөөрхийс юмсанж. Тэд зодоон үүсгэжээ. 60 тэрбумаас ч шалтгаалсангүй. Хялбарчилж ойлгоё гэвэл дарга сайд болох гэсэн бөөн дурыхны дайн. “Сайд дарга болох гээгүй” гээд бүгд шаагилдана, хараарай. Засаг солигдвол сайд дарга болчихоод ичих ч үгүй пээдийнэ. “Дургүйцээд байхад хүчээр сайд болгочихлоо” гээд хамраа сөхнө.  

У.Хүрэлсүхийн араас ухаан зулаггүй хушуурагч нар хэн хэн болох нь хөрөг, овог нэртэйгээ нийлэгдэв. Яасан ичдэггүй моньднууд вэ. Сэнтийн төлөө улангасан зодолдохын завсар чөлөөгөөрөө өвлийн бэлтгэл, отор нүүдэл гээд байгаам аа бас. Та нар л гэж хувьд очсон малд санаа зовж гэнэ. УИХ-ын гишүүн асан Оюунгэрэл гэгч эм намынхаа сунгаагаар дарга болсон С.Эрдэнэ мөнгө тарааж буй нь энэ гээд мөнгө тоолсон хэдэн савар телевизээр харуулаад байсан. Оюунгэрэл таг болсныг бодоход тэр нь зохиомол бичлэг байсан нь нотлогдсон биз. Гэсэн ч хаширсангүй. Доржзодов гэгчтэй нөхөцчихөв. Монгол эмэгтэйн намбыг хүндэтгээд америк эрээрээ, “Ногоон нүдэн лам”-аараа гангарвал дээргүй юү. Улс төржсөн балиар пиар чинь таныг болоод, америк өвгөнийг чинь, “Ногоон нүдэн лам”-ыг чинь гутааж буйг өвгөн зохиолчийн хувьд тэсэлгүй хэлчихлээ уучлаарай. Доржзодов гэгч зартай луйварчныг гэртээ хаацайлаад манай босгыг давбал АНУ-д халдсан хэрэг болно гэх утгатай том үг унагаж буй зохиолч хатагтайн өмнөөс ичив.

Эцэст нь хэлэхэд У.Хүрэлсүхээ Та одоо болиоч. Намын дарга, ерөнхий сайд, цаашдаа Ерөнхийлөгч болох гэсэн дур хүслийг тань хүндэтгэж байна. Гэхдээ дэндүү хорхойсох, хяслан дагуулдаг азгүй тохиолдол хааяа гардаг юм дүү минь. Хаалгаар орох дургүй бөмбөг яаж ч “буудаад” ордоггүй футбол харсан биз дээ. Хэт улайрсан увайгүй самуун Монголыг маш муухай харагдуулж орхив. Тайван, аажуу уужуу, мөрөөрөө гэлдэрч явтал болох юм өөрөө аяндаа хүрээд ирдэг. Тийм агшин Тантай золгохыг ерөөе.

Ц.Нямдорж Та ийм хямралыг өгдөөж төрийн гурван өндөрлөгт зүтгэдэг хууч өвчтэй хүн шүү дээ. Та олон жилийн тэртээгээс, олон удаа энэ өвчнөө нийгэмд хангалттай таниулсан. Албан тушаалын өвчнөө муу нуудаг та буруутай юу гэхээс түүнийг нь бичсэн би буруугүй шүү. Та ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг хоёр дахь хүнтэйгээ зохицож чадсангүй гэж өө сэв хайж байна лээ. Харин хоёр дахь хүн нь нэг дэх хүнтэйгээ цохьцож ажиллах нь яасан юм бэ. Танд ерөнхий сайдын суудлыг чөлөөлөх дур асаж буй учраас Та хоёр дахь хүн өөд бус нэг дэх хүн өөд давшлаа.

60 тэрбумын буруутанг олж хариуцлага даруй хүлээлэгмээр байна. Гэхдээ муу сайн нисдэг тэрэгний солионы үнийн зөрүүд шүлэнгэтэж 15 гал сөнөөгч залуугийн аминд хүрсэн, мөн 1,3 тэрбумын новш Эрдэнэтэд шахсан гэмт этгээдээр, олон зуун сая ам. долларын хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан хулгайчдын бүлгээр 60 тэрбумын буруутанг яллуулж, том хулгайчдыг дархлах гэж санаархаж буй нь санаанд нэг л таарч өгөхгүй байна. Том хулгайч жижгээрээ туг тахихад ядууст юу ч наалдахгүй. Гэвч өөрсдөө л мэддээ хүхдүүд минь.

1990 оноос хойш коммунист онолтой намыг тарааж, хөрөнгийг хурааж, суурин дээр нь 1920-иод оноос үүсэлтэй Ардын намыг сэргээн байгуулъя гэж олонтаа бичсэн. Тэгтэл өнөөдөр энэ намыг 60 тэрбумын санхүүжилтийн схемээр нуман тулгуурт өөрийн хүнийхний бүлэг хамжаад дарчихав. Насан турш шүүмжилсэн намаа хүнд байдалд даруулмагц өмөөрмөөр санагдлаа. Учир нь нуман тулгуурт оруулаад цэвэр ялж буй бүлэглэл нь коммунистуудын удмаас долоон дор, хоёр гол намыг эрхшээлдээ атгахыг санаархсан луйварчид болтой. Тэдний саварт Монгол базуулбал гуравдахь түншүүд, хөрш Хятадыг хажиж, том Тува болох нигуртай. 60 тэрбум гэгч авсан өгсөн юмгүй схемээр ялагдагч МАН надад тийм хайран бус ч гэлээ ялж буй олигархи-хулгайчид эх орноо харийн мэдэлд өгөх юм биш үү.

Дэлхийн өндөр түвшинд ажиллаж чаддаг солимооргүй удирдагч Монголд нэг ч байхгүй. Гэхдээ ялгаа бий. Дордуулж бус дээрдүүлж солих нөөц байгаа. МАН, АН-д эрүүл оюун гэж үлдсэн бол хамтран чармайх цаг тулгарчээ. Ж.Эрдэнэбатын засгийн газарт огцрохоор юу болоод буй юм бэ? Өрөнд уначихсан, хөрөнгө оруулагчдыг хөөчихсөн, 267 км төмөр замынхаа далангийн овоолгыг зөрүүлчихсэн, Эгийн УЦС-аа дургүйд хүчгүй зогсоож, БНХАУ-ын тэрбум ам. долларын хөнгөлттэй зээлийг царцаасан. Төсвөө булаацалдан завшдаг хулгайчдаа ОУВС-гаар хазаарлуулах гэх зэргээр ажиллаад л явж байна. Зарим нэгэн өсөлт түрүүчээсээ гарлаа. 

Энэ шившигт тэмцэл намын дарга, ерөнхий сайд болох гэсэн У.Хүрэлсүхийн олон жилийн тэртээгээс эхэлсэн аян дайн ба У.Хүрэлсүхийг цээжээрээ хааж сайд, орлогч сайд, төрийн н\б дарга болон агентлаг зэргийн суудалд хорхойссон галзуу амьтдын ад дон болохоос, төр засгийн хямрал биш. Тусгаар тогтнолын ордны өмнө намын дарга болох гэж гэр барьдаг Т.Аюурсайхан, МАХН-ыг дээд шүүхэд бүртгүүлэхгүй гэж 40 орчим намын нэр зохиодог Л.Оюун-Эрдэнэ, банхар савдагт Б.Батзориг, сайд болгоогүйд хоёр парламент дамнан хорсож яваа Ц.Даваасүрэн, хотын намын даргаар тавиагүйд шазуур зуусан Д.Сумъяабазар, бизнестээ төсвийн мөнгө завшиж чадаагүйд өширхсөн Х.Болорчулуун, Ц.Гарамжав, 14,2 тэрбумыг У.Хүрэлсүхтэй хамт мөрийд алдаад шоронгүй мултарсан Г.Занданшатар нар Засгаа самрахаар хутгаа түрийлж, сэлмээ эргүүллээ. УИХ-д сонгогдсон дөрвөн жилд хагартлаа баяжихын тулд эрх мэдлийн төлөө юу ч үйлдэхээс буцахгүй цөөврүүд.

Говь-Алтайн замд илэрсэн сонгуулийн хахууль олон тэрбумыг 60 тэрбумтай хамт шийдэхгүй яагаад дарчихав. Эдгээрийн учрыг тунгааж хариуцлага тооцдог юм аа гэхэд нам засгийн толгойд У.Хүрэлсүх болон түүний сүржин дагуулуудаас өөр, Ж.Эрдэнэбат анзааны төлөв түвшин, ядаж сэтгэц нь эрүүл сэхээтнүүд дэвшээсэй. Ерөнхий сайд, намын даргын ажил “ухаан” болохоос “ухамсрын шанаа” биш шүү. Та нарын гэдсэндээ хөлөө хийлцэх бага хэрэг. Хэн нь ч дийлсэн адилхан монгол хүүхдүүд. Харин та хэдийн сачий хүрэхгүй өндөрт эх орныг чинь томсгосон Тува болгочих вий. Үүнээс айсандаа бичив.  
                                                                                                                      2017-08-23

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив